“Ноёд” компанийн захирал Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга, Ч.Ууганбаяр, Г.Буяндоржийн ах Г.Дамдиндорж нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Г.Буяндоржийн тухайд “13 жил хөдөлмөрлөж босгосон бизнесээ энэ хүнд алдсаны улмаас хуулийн байгууллагад хандсан. Гэтэл эргээд хүн гүтгэсэн хэрэгт шүүгдэж байна. Харин С.Билэгтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. С.Баттулга сэтгүүлчийн тухайд энэ бүх баримтыг бичсэнээрээ өнөөдөр буруудчихаад байна. Уг нь түүнд ямар ч буруу байхгүй. Сэтгүүлчийн бичсэн нийтлэлд хуурамч худлаа зүйл огт байхгүй. Мөн би хуурамч нотлох баримт бүрдүүлж хүн гүтгээгүй. Тиймээс ялласан зүйл ангийг зөвшөөрөхгүй байна” гэв.
Харин сэтгүүлч С.Баттулгын хувьд “Хувь хүний болоод мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаа гомдолтой байна. Сэтгүүлч хүн нотлох баримтыг чухалчилдаг. Өмнө нь С.Билэгттэй холбоотой олон мэдээлэл ирдэг байсан. Шүүхээр шийдэгдээгүй хувь хүний нэр хүндэд халдсан байх магадлалтай гээд буцаадаг байсан. Харин Г.Буяндорж нотлох баримттай, шүүхийн шийдвэрийн дугаартай материал барьж надад хандсан. Тиймээс би иргэн хүний эрхийг бодолцож сэрэмжлүүлэг болгох үүднээс материалаа бичсэн. Түүнээс С.Билэгт гэгч хүнтэй ашиг сонирхолын зөрчил байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бууны нохой биш. Сэтгүүлзүй С.Билэгт, Г.Буяндоржоор дуусахгүй. Олон нийтэд үйлчилдэг учраас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг юм. Энэ үүргээ гүйцэтгэсний төлөө яллаж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна” гэлээ.
Хоригдож байгаа сэтгүүлч С.Баттулга “Эрэн сурвалжлагдаж буй иргэдээс 5.4 тэрбум төгрөг залилсан С.Билэгтийн тухай ноцтой баримтуудыг хүргэж байна” гэсэн гарчигтэй мэдээлэл нийтэлсэн байдаг. Үүнээсээ болж С.Билэгтийг гүтгэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар буруутгагдаад байгаа юм.
Шүүх хурал өчигдөр үдээс хойш хаалттай явагдаж эхэлсэн байна. Чухам ямар учраас хаалттай үргэлжлүүлэх болсныг тодруулахад инженерийн ажлын цаг дууссан гэх шалтгааныг хэлжээ.
Тэгвэл шүүх хурал өнөөдөр 09:30 цагаас үргэлжлэх юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)