УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Уг хууль батлагдвал иргэний бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг зохицуулах аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулжээ. Сум, дүүрэг, хорооны улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлсэн байна.
Шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг байхаар тусгасан бол зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасч, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар шийдвэрлэж, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгодог байхаар зохицуулжээ.