Хэрэгтэн хэмээн чичлүүлж, зургаан сар өргөст торны ард суусны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяад Хүний эрхийн Үндэсний комисс туслахаас татгалзжээ.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.
Тэрбээр нэхэмжлэлдээ, нэгд: хилсээр зургаан сар хоригдсон, хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм. Харин өдгөө тус нэхэмжлэлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-ны өдөр буюу ирэх пүрэв гарагийн 11 цагт болохоор товлогдсон юм.
Харин Б.Мөнгөнтуяагийн аав н.Батцэнгэл охиныхоо дээрх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст хэдэнтээ хандсан ч эцэст нь туслахаас татгалзсан хариу авсан байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллах учиртай тус байгууллага юуны учир Б.Мөнгөнтуяад туслахаас татгалзаж байгаа талаараа тодорхой хариу өгөөгүй аж. Уг нь тус байгууллага нь хүний эрхийг хамгаалдаг, хэлмэгдсэн иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах чиг үүрэгтэй байгуулагдсан байгууллага байлтай. Гэтэл олны өмнө ил, хохирсон гэдэг нь нэгэнт "батлагдсан" Б.Мөнгөнтуяад тус байгууллага ямар нэгэн шалтгаангүйгээр туслахаас татгалзаад байгаа нь үнэндээ Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа хэрхэн явагддагийг бэлхнээ илчлэх шиг.
Б.Мөнгөнтуяагийн аав н.Батцэнгэл охиныхоо дээрх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст хэдэнтээ хандсан ч эцэст нь туслахаас татгалзсан хариу авсан байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллах учиртай тус байгууллага юуны учир Б.Мөнгөнтуяад туслахаас татгалзаж байгаа талаараа тодорхой хариу өгөөгүй аж.
Ер нь Хүний эрхийн Үндэсний комисс хэмээх сүржин нэртэй даржин энэ байгууллага өнөөдөр чухам юу хийдэг нь олон нийтэд тодорхойгүй байдаг нь ч нууц биш. Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадоржийн толгойлж буй энэ байгууллагынхан өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон “Нүүрс”-ний хэргийн шүүх хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр үзэлгүй өнгөрөөгүй л байлтай. Олон нийтэд нээлттэй болсон уг шүүх хурлыг хүн бүр анхааран үзэж дэнслэж чадсан ч Хүний эрхийн Үндэсний комисс энэ асуудлын гадна үлдэж дөнгөсөн.
Таван өдөр үргэлжилсэн шүүх хурлын үеэр төрийг шүүхэд өгөөд буй Б.Мөнгөнтуяа хэдэн жилийн хэргийг хэдэн үгэнд багтаан, хууль шүүхийн байгууллага төдийгүй бусдыг хэрэгтэн болгохын тулд эрх мэдэлтэнгүүд хэрхэн ажиллаж байгааг бусдын зүрхэнд шар ус хуртал нь өгүүлж чадсан билээ. Тэрбээр тухайн үед “Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй. Миний аав энд зогсож байна. Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэгдэхь өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш.
Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай. Намайг “Багануур” ХК-тай байгуулсан гэрээг танилцуулж, гэрээ хийсэн учраас яллаж байгаа гэнэ. Би хэнд ч гэрээ танилцуулаагүй, хэнтэй ч гэрээ байгуулаагүй. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон. Бүх нотлох баримтаа авчирч байгаад намайг улайлгахгүй яасан юм бэ. Яагаад гэвэл өөрсдөө улайх учраас баримтаа авч ирэхгүй байсан хэрэг шүү дээ. Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо гэж хүний хэлснээр хоёр компани хоёулаа л буруу юм байна лээ ш дээ. Миний гаргасан дүгнэлт бол зүгээр л тайлан би өөрийгөө шалгах гэж л АТГ-ын комиссар н.Нарантуяагийн дүгнэлттэй тулгаж үзсэн юм гээд зогсож байгаа хүний тайлангаар бусдыг яллаж болдог юм уу.
Намайг 6 сар суулгасандаа ичээд байсан юм шиг байгаа юм. Тиймээс л янз бүрийн зүйл заалт гаргаж ирж яллаж байна. Шинжээчийн дүгнэлт чинь миний эрхийг маш ихээр зөрчсөн шүү. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа шүү дээ, зохиомол учраас ярьж чадахгүй олны өмнө шившиг болсон шүү дээ. Би тэр шинжээч нараас ичиж байна. Би ямар ч баримтгүй тайлан баланс хийгээгүй. Тийм ч учраас өнөөдөр энд тэр нотлох баримтыг авчраагүй. Үнэхээр зургаан сар хорьсондоо ичээд байгаа юм бол надаас уучлалт гуй. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой. Та нар залуу хүнийг яаж байгаа юм бэ. Битгий ингэж худлаа яриагаар ялла. Би энд хэрэг хийсэн гээд шүүлгүүлээд зогсож байх ёстой хүн биш. Би эрхээ зөрчүүлсэн, хилс хэрэгт орсон.” хэмээн өгүүлж байсан юм.
Тэгвэл өнөөдөр энэ л хүнд Хүний эрхийн Үндэсний комисс туслахаас татгалзаж, иргэнээ хөсөр хаяж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Магадгүй эл явдал нь ямар нэгэн улс төрийн, эрх ашгийг сонирхолгүй бол хүний эрхийг дээдлэх учиртай Хүний эрхийн Үндэсний комисс энэ асуудлыг анхааралдаа авч, хохирсон иргэнээ хамгаалаасай хэмээн ард түмэн хүсч байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (52)