МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж УИХ-ын гишүүн Ч.Улаанд хандаж захидал илгээжээ. Тэрбээр МАХН, одоо эрх барьж буй МАН-ынханд хандаж дургүйцлээ илэрхийлсэн байна.
Захидалд “Ч.Улаан та ярилцлагадаа, “... нэг нам нь аяндаа задарч, сарниж байна /МАХН-ыг хэлж байгаа юм байна Ц.Ш/. Нөгөө нам руугаа аяндаа төвлөрөл явж байна. Тэгвэл одоо нэг нам маань л томорч үлдэнэ” гэсэн байна. Хальтхан харвал гэмгүй юм шиг атлаа “хорлон”-той үг хэллэгийг хэлсэн байхаар чинь би энэ хэдэн үгийг Эрхэм гишүүн Ч.Улаан танд хүргэж байгаа юм шүү.
Ер нь сүүлийн үед МАН руу явсан зарим нөхөд энэ маягийн, тухайлбал, “2020 он гэхэд МАХН-ын бүх хүмүүсийг урвуулна, санаанд багтаж байна” гэх мэт яриа гаргаад явж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Та ч ярилцлагадаа, “...Илт давамгай ийм үед уусна гэдэг асуудал л яригдана шүү дээ” гэж хэлээд авахаа мартсангүй. Манжийн дарлалын үед уусаагүй Монголчууд, МАН+АН-гийн дарлалд уусна гэж үү. Үгүй л болов уу.
“Хүний олон хүнээ барьж иддэггүй” гэх үг бий, “Гэнэт олдсон хоол гэдсэнд хортой” гэх үг ч бас бий. Хорвоогийн жамыг хэмжих Таны цензур ийм юм гэж үү, орчин үеийн хэллэгээр бол аз жаргалын индексийг тодорхойлох арга чинь бол бүр ч хачин юм байна.
Хэдэн хүн явснаар МАХН-ыг “задарч, сарниж байна” гэж бодоод байна л даа. Жингийн цуваа явдгаараа л явж байгаа хө. Чухал үед ар өврөөс хутгалдаг, хорлодог хүмүүс явж байх нь дээр юм байна. Харин ч нам цэвэршдэг юм байна. Өврийн хүүхэн өдрөөс илүү тогтохгүй гэдэг нь улс төрд ч байдаг юм байна, эр хүнд ч байдаг юм байна. Өдрөөс илүү тогтох ёсгүй хүнийг тогтоох гээд ч яанам билээ. Жингийн цуваа явдгаараа л явахаас хойш.
МАХН том эрх мэдлийн төлөө биш, том мөнгөний төлөө биш, харин том үйл хэргийн төлөө явж байгаа нам.
Та нар МАН руу очсоноо “голын нэг эргээс нөгөө эрэгт гарсан” гэж тайлбарлах гээд байна. Голын нэг эргээс нөгөө эрэг рүү гарснаасаа илүү гол дунд нь осолдсон хүн олон байдаг юм шүү. Яахав, та өөрийгөө “сайн сэлдэг” гэж үзээд байна, одоохондоо ч бас сэлж л байна л даа. Гэхдээ л, олон түмэн “сайн сэлдэг” гэж дандаа үнэлээд байх нь юу л бол. Тэгээд ч голын эрэг нь мэдэгдэхгүй болчихсон, нэг эргээс нөгөө рүү очигсод бий болсноос “МАН-АН” үүсч, олон түмнийг төөрөгдүүлсэн, дундын төл “олигархи бүлэглэл” нь үүссэн, тэд эргээд хоёр намаа идэж, намууддаа ч, Монголдоо хор аюул учруулж байгааг монголчууд харж байна....” гэжээ.
Сэтгэгдэл (10)