Москвагийн цагдаагийн газраас тус улс дахь Монголын Консулын мэдлийн байранд нууцаар хууль бус мөрийтэй тоглоом, казино ажиллуулж байсныг илрүүлж эрүү үүсгэсэн тухай Asiarussia.ru мэдээллээ.
Цагдаагийн газраас гэрчийн мэдүүлснээр йога хичээллүүлдэг гэх газрын мөрөөр мөрдөхөөр болжээ. Гэрч тус газрын хонгилын өрөөнд мөрийтэй тоглоом, казино бий хэмээсэн байна. Ингээд цагдаа нар мэдээллийг шалгахаар нэрийн хуудсан дээрх хаягийн дагуу очсон байна. Түүнд, “Хүндэт Александр танаа, завтай үедээ манай йогагаар үйлчлүүлээрэй” хэмээн бичсэн байжээ. Хачирхалтай нь тус газар Монгол Улсын консулын газрын байршдаг барилга болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл дээрх йога хичээлийн байр болон Монголын Консулын газартай нэг хаяг дээр байршиж байна.
Цагдаа нарыг ажиглалт хийхэд оройн цагаар эрэгтэйчүүд үнэтэй машинаас буун йога хичээл рүү орж байгаа нь харагдсан байна. Гэвч тэдний нэг нь ч йога хийхэд шаардлагатай бэлтгэлийн цүнх, гудас зэргийг аваагүй нь сэжигтэй байжээ. Үүний дараагаар цагдаа нар үйлчлүүлэгчдийн дүрээр барилга руу нэвтэрч, гуравдугаар давхар руу гартал автомат цоож бүхий төмөр бариултай хаалган дээор“сургалт” хэмээн бичсэн байж.
Мөрдөгчдийг хаалгаар орон дотогш нэвтэртэл өрөөнд таван рулет, 17 мөрийтэй тоглоомны машин, покерын ширээ, зугаацах өрөө зэрэг байсан бөгөөд цагдаа нар 20 сая рубль олсон байна. Албаныхны мэдээлснээр тус казино нэг сая ам.долларын үнэ хүрэхээр байгаа аж. Цагдаа нарыг казинод нэвтрэхэд кассчин, хянагч, хамгаалагч зэрэг 10 хүн ажиллаж байжээ. Тэдний нэг нь тус газар бусад газартай харьцуулахад хоёр дахин их тип өгдөг тухай цагдаа нарт ярьсан байна.
Уг явдалтай холбогдуулан Москвагийн цагдаагийн газраас хууль бус мөрийтэй тоглоомны бизнес явуулсан байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, тус казино Монголын Консулын төлөөлөгчийн байранд байршиж буй шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгаж байгаа аж. ОХУ-ын Улсын бүртгэлийн газрын мэдэгдсэнээр тус барилга нь Монгол Улсын Засгийн газрын өмч хөрөнгөд хамаарагддаг байна. Одоогоор чухам яагаад Консулын байранд хууль бус мөрийтэй тоглоомны үйл ажиллагаа явагдаж байсан нь хараахан тодорхой болоогүй байна. “Хэрвээ тодорхой өрөө зай, талбайг хэн нэгэнд түрээслүүлсэн бол гар бичмэл бүхий гэрээ хэлэлцээрийг бидэнд үзүүлэх ёстой” хэмээн хуульч Руслан Коблев мэдээлсэн байна. Уг хэрэг ОХУ-ын хуулийн хүрээнээс давж, Дипломат харилцааны тухай Венийн конвенцээр шийдвэрлэгдэх хүлээлттэй байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: AsiaRussia.ru
Сэтгэгдэл (6)