С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг таамаг, хардлага дагуулсаар 19 жилийн нүүрийг үзлээ. Улс төрийн нарийн зохион байгуулалттай хэмээгдэж байсан эл хэрэгт улс төрийн хүрээний, олны танил нэлээд олон хүнийг шалгаж, барьж хорьж дуулиан тарьж байсан ч өнгөрсөн оны босгон дээр эл хэрэг ахуйн хүрээний гэмт хэрэг болон хувирч шүүхээр дэслэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр тус хэргийн давж заалдах шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Шүүх хуралд С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар /25 жил/ Т.Чимгээ /24 жил/ болон тэдний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү нар оролцох юм. Мөн прокуророор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал нар оролцох бол шүүгч нь хэн байх талаарх мэдээлэл одоогоор нууцлагдмал байгаа. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах үүднээс шүүх бүрэлдэхүүний нэрийг нийтэд урьдчилж мэдээлэхгүй байхаар төлөвлөсөн нь энэ юм.
18 жилийн дараа дэнслэгдсэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн онд хаалттай болсон нь олны анхаарлыг татаж, хардлага төрүүлсэн. Тиймээс ч давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг нэр бүхий хүмүүс гаргасан билээ. Тодруулбал С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдах шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Гэсэн ч УИХ шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй учраас С.Оюуны өргөдлийг Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлсэн юм.
Түүнчлэн шүүгдэгч нарын ар гэрийнхэн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүссэн. Тэдний мэдээлж буйгаар “С.Зоригийг хөнөөсөн жинхэнэ эзэд нь шүүгдэхгүй жирийн ногоочин, тогооч нарт хэргийг хүчээр үүрүүлж байна. Ингэхдээ таксины жолоочийг мөчлөж хөнөөгөөд шүүхээс 25 жилийн ял сонссон Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр ойр дотны хүмүүсийг нь буруутан шүүж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Мөн анхан шатны шүүх хуралд уг хэргийн газар дээр нь байсан цорын ганц гэрч Б.Булганыг оролцуулаагүй нь шүүхийн шийдвэрийг хардах үндэслэл болж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэд хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй бөгөөд Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэдэг үгийг хэн ч хэлээгүй гэдгийг онцолсон юм. Иймээс дараагийн шатны буюу давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулж Б.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Гэсэн ч энэхүү хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг мөн л төрийн нууцад хамааралтай гэх шалтгаанаар дахин хаалттай явуулахаар болов.
Харин шүүх хурлыг хаалттай явуулж байгаа нь өөрөө олон хардлага төрүүлж байгаа. Энэ талаар ч Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед дээд шүүх захиалгын байгууллага болж хувирлаа. С.Зоригийн амь насанд халдсан хэргийг таслан шийдвэрлэх тогтоолыг хаалттай хийж байгаад унших гэж байх шиг байна. Энэ хүмүүс амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийгээд олон түмэнд гэмтнийг үзүүлээд, нотлох баримтаа гаргаж ирээд, шийдвэрлэчихэж болдоггүй юм уу? Өмгөөлөгч нарын шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг хүлээж авалгүй хаалттай шийтгээд хаядаг. Ийм юм хэрхэвч байж болохгүй шүү. Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг. Энэ дуулиан шуугиантай хэргийг яагаад ингэж олны нүднээс далд шийдээд байгаа юм бэ? Бүр гайхшрал түрүүлээд байгаа нь Булган гэх эмэгтэйг бүтэн жил хорьсон. Гэтэл тэр одоо гэрч ч, хохирогч, сэжигтэн, холбогдогч ч биш болсон. Ингэж болдог юмуу. Тэр хүнийг жил хорих эрхийг шүүгч л өгсөн байгаа. 1937 онд хэрэг ингэж тасалдаг байсан байх шүү. Арай дэндэж байна. Ц.Зориг гэдэг хүний үед л ийм юм хийгддэг боллоо” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлсэн. Тэгвэл Давж заалдах шатны шүүх үнэн мөнийг дэнсэлж, таамаг, эргэлзээг арилгаж дөнгөх үү гэх асуулт өнөөдөр хариултаа олох болов уу.
Ямартай ч хэрэг гарснаас хойш 20 орчим жилийн дараа шүүх хурлаар эл хэргийн үнэн мөнийг олоосой гэдгийг ард түмэн хүсч хүлээж байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (31)