Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.01.29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов
“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газар үүрэг болгосон юм. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа. Иймд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.
Ерөнхий сайдын томилолтын мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 03 дугаар сарын 22-25-нд Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж, төрийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн ажилтай танилцан, иргэдтэй уулзалт хийсэн юм. Уг томилолтын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Иргэдээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан зарим тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, томилолтын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Дэд станцын төсөлд концессын гэрээ шинээр байгуулна
“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг төслийн концессын гэрээний хэлэлцээг сонирхсон этгээдтэй дахин хийж, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтыг 2016 оны нэгдүгээр сард зарлан, гуравдугаар сард төслийн саналын материал хүлээн авсан боловч, шаардлага хангасан компани шалгараагүй тул шалгаруулалтыг хүчингүй болгоод байсан юм.
Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг байнгын эрчим хүчээр хангана
Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд даалгалаа.
Өнгөрсөн онд 730 орчим мянган иргэн төр, засагт ханджээ
2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм.
65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн дүн гарчээ.
Өнгөрсөн онд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад иргэдээс 234 534 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснээс 231 085-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.5 хувийн үзүүлэлттэй байна.
Харин аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 495 111 иргэн хандсаны 485 690-ийг нь хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Энэ нь 98.1 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм.
Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд хамгийн их өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авсан байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар хүсэлт гарган ханджээ.
Товч мэдээ
- “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч хөрөнгө нь улсын төсөвт тусгагдаагүй арга хэмжээнүүдийн судалгааг гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх санал боловсруулахыг сайд нарт үүрэг болголоо.
- Ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлно. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх юм. Манай тал Италийн өндөр технологийг болосвруулах салбарт нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гуравдагч зах зээлд гаргах зэрэг санал тавихаар төлөвлөжээ.
- Нийслэлийн газрын мэдээллийн санг улсын солбицлын нэгдсэн тоголцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллага, удирдах албан тушаалтанд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (12)