Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.29
29
Өдөртөө
16
Шөнөдөө

Б.Бат-Эрдэнэ сайд биш бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хариуцлага хүлээх үү

2017 оны 4 сарын 20

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд хээрийн сургуулилтанд хамрагдаж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчдын гap бөмбөг дэлбэрсний улмаас 2 албан хаагч газар дээрээ нас барж, 8 албан хаагч шархадсан хариуцлагагүй, золгүй явдал болсон. Энэхүү хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт өдгөө нийгэмд газар аваад байна. Энх цагт хоёрын хоёр цэрэг амиа алдаж, найман албан хаагч гэмтсэнд харицлага хүлээх албан тушаалтан байх нь зайлшгүй.

 

 

Харин тэр албан тушаалтан хэн байх вэ.

 

Энх цагт эрэлхэг цэрэг эрс маань эх орондоо алтан амиа алдаж, бяцхан үрс нь аавгүй, халамжит хань нь эр нөхөргүй, азай буурал аав ээж нь хүүгүй боллоо. Харин эрх мэдэл албан тушаалтангууд нь суудалтайгаа үлдэж байна. Үнэхээр харамсалтай.

Салбар хариуцсан яамны сайд нь болсон үйл явдалтай холбогдуулан одоог хүртэл өөрийн биеэр эмгэнэл илэрхийлээгүй нь олон хүний дургүйцлийг төрүүлж буй. Тиймээс ч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэж, огцруулах саналаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн. Ингэхдээ “Салбар хариуцсан сайдад хариуцлага тооцож, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг нэн яаралтай огцруулан мэргэжлийн албан тушаалтан томилохыг шаардаж байна" гэдгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтээ дурдсан байв.  

 

Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ сайдыг хариуцлагаа хүлээж, улс төрийн соёл гаргаад суудлаасаа огцрох хэрэгтэй гэх байр суурь ч олон нийтийн сүлжээгээр аалзны тор мэт хэрж байна. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ сайд дээрх харамсалтай үйл явдлын хариуцлагыг хүлээхгүй бололтой. Тодруулбал Б.Бат-Эрдэнэ сайд өчигдөр хариуцлага хүлээлгэх тухай тушаал гаргасан байна.

 

Уг тушаалд “Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох  хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-д үүрэг болголоо. Цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулав. Батлан хамгаалахын сайдын энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч /хошууч генерал З.Болдбаатар/-т даалгалаа” хэмээжээ.

 

Энэхүү тушаалаас харахад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ удаа хариуцлага хүлээхгүй бололтой. Түүнийг огцруулах асуудал Засгийн газрын хэмжээнд ч яригдсангүй. Мэдээж МАН-ынхан олуулаа болохоор нэг сайдаа огцруулах санал оруулсан ч тэд аваад хүлдэх эрх мэдэлтэй.

 

Эрэлхэг цэрэг эрс нь амиа алдаж, найман цэрэг нь гэмтэж, нийгмийг цочроогоод байхад эрх мэдэлтэнгүүд нь албан тушаалтайгаа үлдэхийн төлөө улайрч байгаа нь үнэхээр харамсалтай. Угтаа би хариуцлагаа хүлээгээд суудлаасаа огцоръё гээд хэлчих зүрх зориг, улс төрийн соёл салбар хариуцсан сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хэн хэнд нь алга. Үнэндээ сайлбар хариуцсан сайд нь огцрохгүй бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлагаа хүлээ.

 

Тэд Монгол Улсын зэвсэгт хүчнийг удирдаж байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш энэ албан тушаалын сэтэр зүүчихээд, баяр ёслол, айлчлал томилолтоор зугаалдаг байх ёстой гэвэл тэр эндүүрэл. ЗХЖШ-ынх удирдлагууд бүх ажлыг гардан хийж, эцэст нь бүх хариуцлагыг хүлээх ёстой юм бол сайд, Ерөнхий командлагчийн хэрэг байх уу гэдэг асуудал ч олны эргэлзээ төрүүлсэн сэдэв болоод байна. Ер нь манай улсад дотоод албан тушаалтангуудаараа бүх ажлыг хийж, эцэст нь хариуцлагыг нь хүртэл үүрээд улс төрчид нь өөрсдөө уснаас хуурай гардаг жишиг нэгэнт тогтсон бололтой. Энэ жишиг ч Тавантолгойд гранат дэлбэрсэн хэрэгт үйлчилж эхэллээ.

 

Энх цагт эрэлхэг цэрэг эрс маань эх орондоо алтан амиа алдаж, бяцхан үрс нь аавгүй, халамжит хань нь эр нөхөргүй, азай буурал аав ээж нь хүүгүй боллоо. Харин эрх мэдэл албан тушаалтангууд нь суудалтайгаа үлдлээ. Үнэхээр харамсалтай.

 

Б.Батчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 5
  • 0
  • 5
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан