Сүүлийн үед ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын хооронд ширүүхэн тулаан өрнөөд байгаа. Тэд хэвлэлээр нэгнийгээ элдэвээр хэлж, хятадын тагнуул мөн биш, тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр ял авсан, энэ бол зохиомол хэрэг гэгчлэнхээр дайтаж буй. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
Ц.Нямдорж: Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байгаа хэрэг
Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад 20 жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага өөрөө шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан. Мөн өөрийнхөө гарын үсэгтэй төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайдын оролцоотойгоор Тагнуулын байгууллагын өөрийн хэрийнх нь тусгай ажиллагааны материалыг хулгайлж, задлаад, улсын нууц задруулсан хэргээр долоон жилийн ял авсан байдаг.
Энэ хоёр ял нь нийлээд 10 жилийн хорих ялаа эдэлж байгаад гарсан. Үүнийгээ л ярьж байгаа юм. Би тэр ярилцлагыг нь үзсэн, их аюултай зүйл ярьж байна лээ. Тагнуулын газрын дарга байгууллагынхаа нууцыг хүртэл задалж байгаа нь намайг хорлох биш улсаа хорлож байгаа хэрэг шүү дээ. Намайг хорлож чадахгүй л дээ, шүүхийн тогтоолтой юм чинь. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Намайг нэр дэвшээд, гарчих вий гэж айсан хүн зөндөө байна. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг үгтэй. Түүнээс гадна өс хонзонгийн сэдэл байх шиг байна. 1996 онд Ж.Баатарыг Тагнуулын газрын дарга байхад нь хууль бусаар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнадаг асуудал нь илрээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан.
Тэр ажлын хэсгийг талийгаач С.Зориг ахалж, ажлын хэсэгт О.Дашбалбар, н.Одонбаатар бид хэд ажиллаж, П.Жасрай гуайн гэрийн утсыг чагнаж байхад нь илрүүлсэн юм. Ерөнхийдөө тэр шалгалтын үр дүнд Ж.Баатар ажлаа өгч байсан юм. Түүнээс хойш 1998 онд С.Зориг нас барж, 1999 онд О.Дашбалбар нас барсан байдаг. Яг шалгалтын дүнг танилцуулах үед би үхэх шахсан. Бие нэлээд муудсан. Ж.Баатар энэ талаар их сүртэй ярьж байна билээ. Урд айлын тусгай албаны хүн гээд хэлчихсэн чинь ухаан алдаж унаад, Д.Ганболд архи авчирч зутгаад гээд л. Гэрч нь Л.Болд байгаа юм. Өчигдөр ярьсан инээж байна лээ. Бас тэр үед н.Одонбаатарын нь ч гэсэн бие муудаж байсан.
Тэр үед О.Дашбалбар “За даа наад нэг шалгалтаас чинь болж бид нэг баларлаа даа” гэж хэлж байсан. Энэ үгийг надад хэлж байхад нь одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж сонсч байсан.
2000 онд намайг Хууль зүйн сайд болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид намайг “Хятадын тагнуул” гэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Тухайн үед энэ талаар надаас асуухад нь надтай холбоотой зүйл байхгүй.
Өөрсдийнх нь зохион байгуулсан ажил гэж хэлээд томилогдсон. Би энэ асуудлыг орхичихсон байтал 2003 онд Гүндалайгаар тараалгаад л эхэлсэн. Одоо бас сонгууль дөхөөд л зарим хүмүүсийн зүрхний хий хөдөлж байх шиг байна.
Одоогоос 2 сарын өмнө өнөөгийн тагнуулын байгууллагын удирдлагууд тухай үед ажиллаж байсан хүнээс Ц.Нямдоржийн 1992 онд урагшаа явсан талаар олигтойхон юм байна уу гэж асууж сурагласныг би мэдсэн. Тэгэхээр би “Намайг оролдох гэж байгаа бол олигтойхон юмаар оролд. Энэ хэрэггүй шүү, шүүхийн шийдвэртэй юм” гэж хэлсэн. Мөн хоёр хоногийн өмнө Тагнуулынхан Ц.Нямдоржийг мөрдөн байцаалтын нууц задруулсан байна гэж өргөдөл бичээд өгөөч гэж УИХ-ын гишүүн байсан хүн рүү утсаар ярьсан байна лээ. Буянаараа л бол. |
Ж.Баатар: Хятадын тагнуул монголын төрд 20 гаруй жил суучихаад нам эвсэл, хууль хүчний байгууллагынханг хагарган бутаргаж байна
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, “УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилтай ижилхэн хагалган бутаргаад байна. Хятадын тагнуултай холбоотой байсан хүн монголын төрд 20 гаруй жил суучихаад нам эвсэл, хууль хүчний байгууллагынханг хагарган бутаргаж байхад дуугүй байж болохгүй байна” хэмээсэн.
Мөн тэрбээр “Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Манай улсыг 1900 оноос эхлээд Хятадын тагнуул судалж эхэлсэн. Манай улсыг дотор нь хагаралдуулах ажиллагаа явуулж байсан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилтай ижилхэн хагалган бутаргаад байна. Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Бээжинд Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Гэтэл 2003 онд намайг гүтгэлээ гэж мөрдөнд хийж, 2004 онд таслахдаа энэ баримтыг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тэр зургийг Ж.Баатар эвлүүлчихсэн байна. Энэ бол зохиомол зураг гээд шүүх авч хэлэлцээгүй. Үнэндээ бол өнгөт зургийг эвлүүлэх ямар ч боломж байхгүй.
Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм. Хятадын тагнуул судлаж судлаж байгаад өөрийн талд элсүүлэх боломжтой гэж дүгнээд 1992 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ц.Нямдоржийг Хятадын тагнуул Бээжин рүү аваад явсан. Энэ үеэс Ц.Нямдоржтой Хятадын соёлын төвийнхөн ажиллаж эхэлсэн. Энэ байгууллага нь Хятадын тагнуулын байгууллагын халхавчин доор ажилладаг байгууллага гэдгийг бид судлаад тогтоочихсон. Мөн ингээд Ц.Нямдоржийг элсүүлэх гол зорилготой аваад явсан нь ч тогтоогдсон. Ц.Нямдоржийн хэлж ярьсан болгоныг баримтжуулсан байдаг. Тэд ч энэ хүнээс Монголын талаар мэдэх гэсэн бүх зүйлээ мэдэж олж, авсан. Ингэхдээ түүнийг бөөлжис, ялгадастай нь хольж, дарамталсан юм шиг байгаа юм. Гэхдээ тэд Ц.Нямдоржийг тагнуулаар элсүүлэх зорилгодоо хүрсэн. Үүнийг би хэлдэг. Прокурорт би Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт тавьсан. Архи ууж хордсон гэдэг асуудлаар намайг шалгасан. Олонхийн бүлгийн хурал дээр Ц.Нямдоржийг хятадын тагнуул гэдгийг нь асуухаар бантсандаа өөрөө худлаа муужраад л уначихсан юм билээ. Ер нь Ц.Нямдорж худал ярьдагаараа ярьж, хүн гүтгэдэгээрээ гүтгэж байна. 2003 оны тавдугаар сарын 20-ны өдөр 1000 гаруй хүн манай байрны гадаа ирсэн байсан. Тэр өдөр манай гэрт дайрч ороод намайг баривчилсан. Намайг мөрдөнгөөс гарахад гэрийн утсаар байнга залгаж дарамталж, заналхийлээд байхаар нь би хэсэг чимээгүй алга болсон. Тэр үед би гадагшаа гарсан бол боломж байсан. Гэхдээ би хэрэг хийгээгүй учраас гараагүй.
Би нэг насаараа Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэсэн хүн. Зүтгэж яваад эцсийн эцэст шоронд хүртэл суулаа. Надад ямар ч эрх ашиг байхгүй. Яагаад энэ бүхнийг хэлээд яриад байна гэхээр манай улсын эрх ашиг, тусгаар тогтнол ард түмний хувь заяаг хөндсөн асуудал учраас Ц.Нямдоржийг хятадын туршуул болсон гэдгийг төр засаг нотлоод өгөөч гэдгийг л тавиад байгаа юм. Өөр ямар ч зорилго байхгүй. Ц.Нямдорж бид хоёрт ямар ч хувийн өс хонзон, өмч хөрөнгө булаалдсан зүйл байхгүй. Гагцхүү хятадын тагнуултай холбоотой байсан хүн монголын төрд 20 гаруй жил суучихаад нам эвсэл, хууль хүчний байгууллагынханг хагарган бутаргаж байхад дуугүй байж болохгүй байна. Энэ хүний хийж байгаа бүхэн нь хятадын тагнуулын арга барилтай байна, энэ хүний ард хятадын тагнуул байгаад байна. Монгол төр ингээд л хятадын тагнуул Ц.Нямдоржийн толгойг илээд суугаад байх уу. |
Б.Батчимэг
Сэтгэгдэл (79)