Хэдийгээр цаг агаар зэврүүн, хүйтэн, шуургатай байсан ч улс төр буцалсан 7 хоног ийнхүү шувтарч байна. Ерөнхийлөгчийн сонгууль юу юугүй хаянд ирсэн энэ үед арга ч үгүй биз. Намууд сүр дуулиантайгаар нэр дэвшигчээ тодруулахын хажуугаар хавар ирснийг мэдрүүлэх мэт хажуу хавиргыхны улс төр энэ долоо хоногт хүчтэй өрнөв. Ингээд сонгуулийн уур амьсгал орсон, сонгогчдын мэдрэхүй хөгжсөн улстөржсөн 7 хоногийн онцлох улс төрийн үйл явдлыг багцлан хүргэе.
Өнгөрсөн лхагва гарагт МАН-ын баг хурлын VIII хуралдаан болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжиллаа. Тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр бага хуралдаа оруулж ирсэн. Улмаар нууц санал хураалтаар бага хурлын 259 гишүүдийн 85.7 хувь нь намын даргадаа саналаа өгснөөр УИХ-ын дарга М.Энхболд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж, батламжилсан. Эрх баригч энэ намын хувьд нэр дэвшигч нь УИХ-ын сонгуулиас өмнө тодорсон гэвэл зохино. МАН-ын дарга М.Энхболд энэ жил гаруйн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Хэрэвзээ энэ эрхэм Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол төрийн толгой болсон гурван албан тушаалыг хашсан хоёр дахь хүн болох аж. Учир нь М.Энхболд өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Одоо бол УИХ-ын дарга. Тиймээс одоогоор Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан цорын ганц хүн гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын түүхийг давтана гэсэн үг.
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өнгөрсөн лхагва гаригт 10.00-20.00 цаг хүртэл үргэлжилсэн. 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан гишүүдийнхээ дунд санал асуулга явуулсан юм. АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн зургаан эрхэм дотоод сонгуульд өрсөлдсөн. Зургаан нэр дэвшигч “Ардчилсан намын санал асуулгад оролцогчдын эв нэгдлийг гэрээ” байгуулсан байлаа. Гэрээнд, “Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс эв нэгдлийг эрхэмлэх дээдлэх мөн төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон цаашид хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна” гэдгээ мэдэгдсэн.
Цаашлаад хамтын ажиллагаандаа долоон заалт тусгажээ. Энэхүү заалтад Үндсэн хууль, хууль, намын Үндсэн дүрэм, журмыг сахин биелүүлэх, ил тод байдал, шударга ёсыг сахин хамгаалах, эрх тэгш хандах, намын эв нэгдлийг хангах, дүрмийн бус аргаар өрсөлдөхгүй байх, бусад оролцогчдынхоо нэр хүндэд халдахгүй, аливаа сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх, АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, ялсан оролцогчоо хүлээн зөвшөөрч, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших аливаа үйл ажиллагаанд нь дэмжин, хамтран ажиллахыг эрхэм зорилго болгоно” хэмээн “тунхагласан”. Тиймээс гишүүдийн олонхийн санал авч ялсан нэгэндээ ялагдсан бусад нь хүндэтгэлтэй хандаж зарга үүсгэхгүй гэж үзэж болох юм. АН-ын гишүүд Р.Амаржаргал, Х.Баттулга нарт түлхүү санал өгсөн. Учир нь санал тооллогын явцын мэдээгээр Р.Амаржаргал илүүрхэж явсан. Харин нэгтгэсэн дүнгийн урьдчилсан мэдээллээр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хамгийн олон саналыг авч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шатаа нэгээр ахиулсан юм. Одоо түүний өмнө Их хурал хэмээх даваа бий. Хэрвээ АН-ын наймдугаар Их хурлын гишүүдийн 50+1 хувийн санал авч чадахгүй бол түүний ялалт хүчингүй болж мэдэх юм. Гэхдээ Их хурлын гишүүд нийт гишүүдтэйгээ санал нэгдэв. 96,3 хувийн саналаар түүнийг дуу нэгтэйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ.
МАХН. Тус нам УИХ-д нэг суудалтай. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Харин тус намаас хэн нэр дэвших бол гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Шууд нэр дэвшээд өрсөлдөх, бэлэн нэр дэвшигч нь мэдээж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Гэхдээ түүнийг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн хүчнүүд, зарим улстөрчийн сонирхол бий. Тиймээс Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэдгийг баттай хэлэх хүн үгүй байсан ч МАХН нэгэнтээ шийдвэрээ гаргалаа. Өчигдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Ийнхүү Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөхөөр болов.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлэх юм. Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох юм байна.
УИХ-ын чуулганы өнгөрөгч пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Эл асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн ч хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 30 минутын завсарлага өгсөн юм.
Хэрвээ энэхүү тогтоолын төсөлд тодорхой өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай тохирсон санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох юм. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, хөтөлбөрт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд УИХ гутамшигтай, арчаагүй шийдвэр гаргах гэж байгаад бухимдаж байсан юм.
Ц.Даваасүрэн: Нэг компанийн эрх ашиг ОУВС-д Монгол Улсаас дээгүүр байна
-Би энэ хасах гэж байгаа саналыг гаргасан хүний хувьд асуухаасаа илүү зүгээр үг хэлье гэж бодлоо. “Рио Тинго захиа бичсэн байна. Бидэнд арга байсангүй” гээд гадны нөлөөтэй юм яриад байдаг. Хувь заяагаа бид өөрсдөө шийдэж чадахгүй байна. Нэг компанийн эрх ашиг ОУВС-д Монгол Улсаас дээгүүр байна. Хэдхэн хоногийн өмнө гаргасан тоггоолоо өөрчилж байна. Энэ бол томоохон ялагдал, ухралт юм. Оюутолгой өнөөдөр тэрбумын борлуулалт хийчихээд 5,6 хувийн татвар төлж байгаа юм. 100 мянган төгрөг байна гэж үзэхэд тавхан мянгыг бидэнд өгч байгаа хэрэг. Тэгвэл адагааад бид бүтэн мөнгийг нь барьж үзмээр байна шүү дээ.
Ж.Энхбаяр: Үнэхээр хүнд, гутамшигтай шийдвэр гаргах гэж байна
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох гээд байгаа тул Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг дотоодын банкаар дамжуулах боломжгүй юм байна гэж байна. Үнэхээр хүнд, гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах нөхцөл бүрдэв гэдгийг Монголын ард түмэн тунгаагаарай. Гэхдээ бид аль болох энэ хүндрэлийг хурдан даван туулж ард түмнээсээ танасан тэр бүх нийгмийн халамж, тэтгэмжийг эдийн засаг тогтворжсон үед буцааж нэмнэ. Тийм учраас дэмжээсэй гэж хүсч байна.
Х.Болорчулуун: Үнэхээр харамсалтай байна
-Хэдхэн хоногийн өмнө батлагдсан тогтоол л доо. Харамсалтай нь урт насалж чадсангүй. Нэг номпанийн шаардлагаар цуцлах гэж байна. Миллиард миллиардаар нь экспортын бүтээгдэхүүн гаргаж байж өөрсдөө валютын дутагдалд орчихсон байж байна, манай улс. Үнэхээр харамсалтай байна. Миний хувьд дэмжихгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын нэгнээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа. Тэрбээр 10 хоногийн турш 11:00-15:00 цагийн хооронд суулт хийх бөгөөд МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа юм. Тэрбээр талбай дээр нийт 4000 хүн ирж, суултыг нь дэмжвэл тэрээр суултаа тэмцэл болгон үргэлжлүүлэх бөгөөд харин хүн ирэхгүй талбайг дүүргэхгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан "Ардын үг" аян үр дүнг хүлээн зөвшөөрөх гэнэ. Энэ талаараа “Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш 11-15 цагийн хооронд суулт хийж, МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ард түмнийг уриалж байна. Энэ хавар хэд хэдэн томоохон жагсаал цуглаан болсон ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ одооноос эхлээд оффшорчид, буруу зүйлийг төрүүлээд байгаа зүйлийн үндэс угсаатай нь тэмцье гэж шийдсэн. Намайг дэмжиж байгаа хүмүүс ирж хамтарч болно. Талбайн 4000 шоо дөрвөлжин бүр дээр нэг хүн сууна гэж үзвэл 4000 хүн ирэхэд талбай дүүрэх болно. Хэрэв талбай дүүрвэл суултаа тэмцэл болгон үргэлжлүүлнэ, эс дүүрвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан "Ардын үг" аяны үр дүнг хүлээн зөвшөөрнө" гэсэн юм.
Сүхбаатар аймгийн иргэд Монгол улсын Үнсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй, сонголтоо баталгаажуулж чадахгүй жилийн нүүрийг үзэж байна. Тиймээс өнөөдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 100 гаруй гишүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нийслэл хотод иржээ. Тэд өчигдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсан ч зөвшөөрөөгүй тул Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолд 20 гаруй приус машинаа жагсаалаа.
Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт ханджээ. Учир нь орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан ч МАН хууль бусаар засгийн эрхийг нь гартаа авчихаад байгаа аж. Тодруулбал, тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа аж. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж ойлголцолд хүрлээ гэсэн ч өнөөдрийг хүртэл Ардчилсан намын талд асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Тиймээс АН-ын залуус Улаанбаатар хотод жагсаал хийхээр ирээд байгаа нь энэ. Сүхбаатар дүүргийн цагдаа нар тэдний жагсаал, цуглааныг хориглож, Сүхбаатарын талбай руу нэвтрүүлэхгүй байна. Тиймээс АН-ын гишүүд Төрийн ордныг машинаараа тойрч, дуу хоолойгоо иргэдэд хүргэх тэмцлийн замыг сонгож байна гэлээ. Тэднийг дэмжиж УИХ-ын гишүүн Л.Болд ирж уулзсан юм. Тэрбээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Ард түмэн гайхаж байгаа. Учир нь Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил болчихлоо. Энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол Улсын ардчиллын үндсийн үндэс өөрөө доргиж байна. Та бүхэн энэ асуудлыг өнөөдөр нэг сонсоод, үнэн мөнийг тогтоогоод, яриа хэлэлцээр хийгээд, ирчихсэн байгаа иргэдийг нэг тайвшруулаад өг. Сүхбаатар аймгийг нэг хууль ёсны Засаг даргатай болгоод өгөөч” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
МАХН-ын дэмжигчид Эрх чөлөөний талбайд жагсаал хийж байна. МАХН-ын Бага чуулган өчигдөр хаалттай хуралдаж, гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Жагсагчид Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэж үзэж байгаа ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа аж. Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар 70 мянга орчим иргэн өргөдөл ирүүлсэн гэх мэдээллийг тус намаас өгөөд байгаа билээ.
Сэтгэгдэл (6)