Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ. 20 орчим жил таамаг төдий байсан эл хэрэг он дамжин дэнслэгдсэн ч өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноосон бол Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл хэдхэн хоногийн дараа Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана. Ийнхүү С.Зоригийн хэргийн үнэн мөн эцэслэгдэж, оньсого таамаг мэт байсан зүйлүүд дэнслэгдэх учиртай. Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 28-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж байсан юм.
Тэгвэл тухайн үед Дээд шүүх шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасны дараа ялтан Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн юу өгүүлж байсныг тоймлон хүргэж байна.
Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Манай өмгөөлөгч жилд нэг удаа гадаад руу эмчилгээнд явдаг. Нэгдүгээр сард явах байсан ч шүүх хурлаас болоод эмчилгээнд явж чадаагүй. Тиймээс тавдугаар сард эмчилгээндээ явж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Би тавдугаар сарын 12-нд эхнэртэйгээ уулзсан. Эхнэр минь уулзах болгондоо уйлж гарч ирдэг. Юм ярьж чадахгүй “Намайг эндээс аваач, юун төлөө энд хоригдож байгаа билээ” гэж хэлээд л уйлдаг. Үнэхээр үнэн ялдаг л юм бол Дээд шүүхийн арван хүний тав нь хуулиндаа үнэнч яваасай гэж хүсэж байна” гэв.
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Энэ хэргийн талаар найман настай хүүхдээс наян настай өвгөд эмгэд хүртэл мэдэж байгаа. Энэ хурлыг нээлттэй олон түмнийхээ нүдэн дээр хийлгэх хэрэгтэй. Үүнд Дээд Шүүх л бидэнд туслах хэрэгтэй. Хаалттай явуулбал өмнөх хурлын шийдвэрийн дагуу болох байх гэж эмзэглэж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулах саналыг бид олон удаа өгсөн. Хүүтэйгээ хүнд дэглэмт хорих ангид орсноос нь хойш уулзаагүй байгаа. Сэтгэл санаа нь ямар байгааг мэдэхгүй байна” гэсэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)