Мэргэжлийн Засгийн газрыг огцруулаад 11 хоног болж байна. Гэсэн ч дараагийн Засгийн газрын чимээ сураг алга. Улс оронд шийдвэрлэх олон асуудал буй энэ үед шинэ Засгийн газрыг хурдан байгуулж, гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг сонгох шаарлага тулгараад байгааг хэлэх хүн олон байна.
Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийхэн УИХ-ын чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэдгийг өгүүлж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Тэд “Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй болсон нь төрийн алба тасралтгүй байх зарчим алдагдаж, улс даяараа өвөлжилтийн асуудал хүндхэн, хүүхдийн мөнгө цагтаа олгогдохгүй байх зэрэг олон шийдлээ хүлээсэн асуудлууд эрсдэлд ороод байгаа учраас ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв. Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.
Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна. Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу” гэх албан бичгийг илгээсэн.
Түүнчлэн УИХ-д суудалтай МАХН-ын гишүүн О.Баасанхүү ч мөн л ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-д “ганцаараа” гэгддэг С.Жавхлан ч мөн Засгийн газрыг яаралтай байгуулах нь зүйтэй гэдгээ өмнөх ээлжит бус чуулганы үеэр мэдэгдсэн. Үүгээр зогсохгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ч мөн Засгийн газрыг яаралтай хуралдуулах тухай мэдэгдлийг УИХ-д хүргүүлээд амжсан.
Гэсэн ч энэ бүхнийг хариуг УИХ-ын дарга өнөөдрийг хүртэл өгөөгүй таг чиг сууна.
Харин эрх баригчид ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулж аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан Засгийн газраа эмхлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно. Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулна. Улмаар намрын чуулганы хамгийн эхний өдөр Ерөнхий сайдаа батлуулж, аравдугаар сарын эхний 10 хоногт багтааж Засгийн газраа бүрдүүлье гэсэн шийдэлд хүрсэн” гэдгийг хэлсэн.
Тэгэхээр МАН-ынхан дараагийн Засгийн газраа байгуулах гэж төдийлөн яаравчлахгүй байгаа бололтой.
Харин УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газраа байгуулахыг шаардлагыг хүлээж авах уу эсвэл намынхаа эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, тэдний үгийг дагах уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох буй за.
Засгийн газрыг байгуулах хуулийн хугацаа 30 хоног ч гэлээ хуулийн сүүлийн хугацааг хүлээх шаардлага, боломж хомс, улс оронд тулгамдсан олон асуудал ар араасаа хөвөрч байгааг улс төрчдөөс эхлээд жирийн иргэд хүртэл хэлж учирлаж байгаа гэдгийг энд тодоргоё.
24tsag.mn
Сэтгэгдэл (61)