Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх болох Таканоива А.Баасандоржийг зодож хүнд гэмтээсэн асуудал Японд томоохон дуулиан тариад байгаа билээ. Учир нь өмнө нь сүмогийн ертөнцөд ийм хэрэг гарч байгаагүй бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн нь гал дээр том нэмсэн юм.
Уг асуудлаас болж Ёзозуна Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлчих вий хэмээн болгоомжилж монголчуудын дунд байсан. Учир нь 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж мөн л ийм асуудалд орсны улмаас зодог тайлахаас өөр аргагүй байдалд орж байсан юм. Харамсалтай нь монголчуудын энэ болгоомжлол биелэлээ олсон бололтой.
Ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгөх аж. Энэ талаар Японы Киодо агентлаг “Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлахаар шийдсэн” хэмээн мэдээлжээ.
Энэ асуудлаар Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Улмаар Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлсэн. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой гэх шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага Харумафүжиг буруугүй гэж үзвэл шийдвэрээ эргэн харах боломжтой гэсэн байсан ч аварга ийнхүү өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн бололтой.
Д.Батбаяр: Энэ асуудал зөвхөн манай хоёр бөхийн асуудал биш болсон
Гэхдээ асуудал нэлээд ээдрээтэй байгааг Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр дуулгасан. Тэрбээр “Шуудхан хэлэхэд бөхчүүд маань караокед ууж байгаад зодолдсон л хэрэг байгаа юм. Зодоон нь жаахан хэтэрсэн. Түүнээс биш бие биенийгээ дээрэлхсэн, ямар нэгэн өш хонзон санасан хэрэг огт байхгүй. Зарим нэг сүмогийн мэргэжлийн хүмүүс Кёкүшюзан та бол монголын анхдагч бөхчүүдийн нэг. Мөн Монголын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд хоёр бөхөө хооронд нь уулзуулаад гар бариулаад японы ард түмнээс хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйвал болчих асуудал юм биш үү гэж зөвлөсөн. Харамсалтай нь уулзаж чадсангүй. Гэхдээ нэгэнтэй утсаар ярьсан. Болсон үйл явдлыг яриулсан. Энэ асуудал зөвхөн манай хоёр бөхийн асуудал биш болсон юм билээ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа учир зөвхөн уучлалт гуйгаад өнгөрөх төдийхнөөр асуудал шийдэгдэхгүй болсон байна. Цаашид Японы Сүмо бөхийн холбоо зодох, танхайрах асуудлыг зогсооно гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгэхээр Японы Сүмо бөхийн холбоо ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байна гэсэн үг. Харумафүжи Д.Бямбадоржийг Японы сүмо бөхийн холбооноос хөөгдөх эсэх нь Таканоива А.Баасандорж бэртсэн үү бэртээгүй юу гэдгээс хамаарна. А.Баасандоржийн өөрийн ярьж байгаагаар бол маш их гэмтэл авсан. Тархины гавал цуурсан, чих сонсголгүй болсон, их олон оёо тавиулсан гэсэн” хэмээн ярьсан.
Рюүо Э.Санчирболд: Гэмт хэрэг шиг болгож байгаа хүмүүс удахгүй учир нь олдох байх
Мөн энэ асуудлаар Санчирболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрбээр “Энэ явдлын маргааш өглөө тойргийн барилдаанд 26нд Таканоива Харүмафүжидээр ирж мэндлээд өчигдөр уучлаарай гэж уучлал гуйсан байгаа юм. Харүмафүжи зүгээр харин чи зүгээр үү? Гэхэд Зүгээрээ гээд л дууссан байгаа юм. Тэр зааланд 200-300аад хүмүүс байсан. Ойр байсан хүмүүс анзаарсан л байх. Харин ЯАХОО мэдээн дээр: Энэ 2 хүнээс гаднах нөлөөг гаргасан байна. 2 багш 2 уулаа удирдах зөвлөлийн нөлөө бөхий хүмүүс ерөнхийлөгч өрсөлдөж байсан, шинэ Ерөнхийлөгч гарснаас хойш нүүр нүүрээ ч харахаа больж нэгнийгээ унагаахын тулд энийг зохиомлоор томруулж байгаа юм биш байгаа гэж мэдээллийн хэрэгслээр гарч эхлэж байна... Хазайх үед загнуулж шаардлагатай бол хусуулчих найзтай,ахтай байна гэж уг нь их сайхан юм байгаа юм. Хэрэв дургүй байсан бол бэлтгэл дээр бусад газар чангалах л байсан байх.
Бямбадорж бол дүү нартаа хайртай ,зөв шаардлага шулуун шударга тавьж чаддаг, сайшаах үед нь шагнаж баярлуулж чаддаг тийм л хүн. Үүнийг Монгол Япон гэлтгүй олон хүн хэлнэ хийсэн бол хийгээгүй гэж зугтах бултах зантай хүн ч биш. Гомдолтой гэх хүн нь ч одоогоор гарч ирэхгүй.эргэн тойронд үнэн худал ярьсан л хүмүүс байх шиг байна. Гол нь энийг дэвэргэж томруулж гэмт хэрэг шиг болгож байгаа хүмүүс удахгүй учир нь олдох байх аа” хэмээж байжээ.
Д.Дагвадорж: Аавын хүү, аварга хүн ГАНЦААРДАХГҮЙ шүү! WE YOKOZUNA
Түүнчлэн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж "Миний дүү бол жинхэнэ эр хүний хугархай олон таван зангүй хүүхдэд үнэн сэтгэлээсээ хайртай тийм л нэгэн эр хүн! Ёс жудаг дээр хатуу байр суурьтай эр хүн! Аавдаа гээд өөрөө зохиосон шүлгийг нь сонсоорой ! Харума чи бол эр хүн!" хэмээн бичжээ.
Мөн "Харумафүжи буюу Ама Бямбадорж. Нэгэн цагийн ангийн анд аваргаа би өмөөрмөөр санагдлаа. Хүн алдаж онох үе бишгүй байх. Хазгай гишгэхэд нь харин түшээд босгомоор. Арлын орны үндэсний их спортыг унтаж байхад Монгол аавын үрс сэрээсэн, эзэгнэсэн, эзэгнэсээр ч...
Оозэки цол дээр олон жил барилдаж Ёкозуна болохдоо тэр, бурханы оронд байгаа аавдаа өгсөн амлалтаа биелүүлсэн гэдэг, эмтэрмээр...
Аавын хүү нэгэнтээ алдавч түүнд оносон, бүтээсэн өдрүүд олон санах. Ёкозуна Харумафүжи дэмжиж, хамтарч хэрэгжүүлсэн "Зүрх хамгаалах төсөл"-өөр 0-5 насны 700 орчим бяцхан үрсийн зүрхний хагалгаа Монголд үнэ төлбөргүйгээр хийгдэж, амжилттай болсон гэдгийг мэдэх нь хэд бол?
Эрчүүд хоорондоо учираа олсон гэх ч, хүний нутагт ад үзэгдэх зовлонг тэнд байсан хүмүүс л ойлгох байх. Үнэндээ Япончууд “БОЛЪЁ” гэдэг үгийг өөрөө өөрөөр нь хэлүүлж чаддаг хүмүүс. Энэ хэргийг дөвийлгөхийн цаана Сумо-гийн ертөнцийн ямархан бодлого яваа бол? Сайн яваа нэгнээ бүү хэмлэ, чамаас л илүү яваа АВАРГА хүн, өнчин зүрхийг бүү шархалуул гэж хүсэе! Өнөөдөр би энэ асуудлаар Япончуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ хэлж татгалзлаа. Ажилласан ч би Монголынхоо эсрэг ажилдаггүй хүн. Аавын хүү, аварга хүн ГАНЦААРДАХГҮЙ шүү! WE YOKOZUNA" хэмээн бичсэн байна.
Хакүхо М.Даваажаргал: Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж хүсэж байна
Дуулиант хэргийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргал мөн тайлбар хийсэн. Тэрбээр зодоон болох үед дэргэд нь байсан бөгөөд “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан” гэх тайлбарыг өгчээ. Мөн Их аварга Хакүхо тэдний маргааныг салгаж, бөхчүүд хоорондоо ойлголцсон учир Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан талаар ярьсан байсан. Мөн тэрбээр өнгөрсөн ням гарагт 40 дэх түрүүгээ авч Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд шинэ хуудас нээхдээ Хакухо “Энэ удаагийн тэмцээн сэтгэлзүйн их дарамттай өнгөрлөө. Нийт бөхчүүдийг төлөөлж би бүх сүмогийн фэнүүдээс уучлал гуйж байна” хэмээн мэдэгдээд “Би Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж хүсэж байна” гэсэн. Мөн тэрбээр өчигдөр гэрчийн хувиар Тоттори хотын цагдаагийн газарт мөрдөн байцаах ажилтанд мэдүүлэг өгсөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (29)