МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. ЭМЯ-наас томилогдсон эмч нарын баг түүнийг яаралтай Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн боловч Нийслэлийн прокурорын газраас 2002 онд батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 313/316 тушаалаар баталсан журмын дагуу шилжүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн. Уг журамд “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.
Гэхдээ Эрүүл мэндийн сайд Н.Удвал Н.Энхбаяр даргыгаа аврахын тулд дээрх журмыг өөрчилөхөөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдэл хүргүүлээд буй. Тэрээр уг журмыг хүний амьд байх эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэж, өөрчлөлт оруулсан юм. Уг өөрчилсөн хүсэлтээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүргүүлсэн. Хэрвээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс хариу ирвэл энэ журам шинэчлэгдэж, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрдугаар эмнэлэг рүү шилжин эмчлүүлэх боломжтой болох юм.
Гэхдээ шилжүүлсэн ч бай, шилжүүлээгүй ч бай МАХН-ын дарга Н.Энхбаяр гурван шатны шүүхээс ял сонссон ч бусад ялтнуудын адил ял эдлэхгүй. Учир нь шүүхээс ял сонсож, тогтоол гардуулсаны дараа ялтныг хорих ангид хуваариладаг. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд ялын тогтоолоо гардан авсан ч өнөөдрийг хүртэл хорих ангид хуваарилагдаагүй байгаа. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хорих ангид хэзээ хуваарилах нь мэдэгдэхгүй байна. Учир нь ялтан Н.Энхбаярын биеийн байдлаас шалтгаална. Хэрвээ энэ чигээрээ муу байвал тэгээд хорих ангид хуваарилах боломжгүй. Харин ч эмнэлэгтээ эмчилгээгээ хийлгэнэ. Нэгэнт бие нь муу ялтны хувьд эмнэлэгт хэвтэх хуулийн хугацаа гэж байдаггүй учраас Н.Энхбаярын хувьд бие нь муу байвал 2.6 жилийн хорих ялаа эмнэлэгт өнгөрүүлэх боломжтой” гэсэн юм.
Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа Н.Энхбаярын хувьд бие нь тун тааруу хэмээн эмч нар нь мэдэгдсэн. Тэгэхээр Н.Энхбаяр бусад ялтны адил хорих ангид хуваарилагдаад, ажил хийгээд явна гэдэг “үлгэр” болж байгаа аж.
Түүнийг анх өвчин тусахад Эрүүл мэндийн сайд Н.Удвал Н.Энхбаяр монголд байхгүй эмгэг туссан гэдэг. Гэвч үүнийг нь эмчлэгч эмч нарын зүгээс үгүйсгэсэн.
Харин одоо Н.Энхбаярыг эмчилж буй Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн эмнэлгийн Ерөнхий эмч Д.Доржсүрэнгийн мэдэгдсэнээр Н.Энхбаяр нь өлсгөлөнгийн дараах үеийн эрхтэн системийн тогтолцооны өөрчлөлттэй, хордлого хүнд хэлбэртэй, стрессийн улмаас биеийн байдалд өөрчлөлт орсон гэсэн оноштой эмчлүүлж байгаа билээ.
Юутай ч Н.Энхбаярын хувьд 2.6 жилийн хорих ялаа эмнэлэгт өнгөрүүлэх нь тодорхой болов. Харин Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт үү, Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт үү?
Б.Золбоо
Сэтгэгдэл (39)