Шинэ сайд нар томилогдохоос өмнө ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдсон. Өөрөөр хэлбэл, тэрбээр ШШГЕГ-ын даргаар томилогдоод 20 гаруй хонож байна. Гэтэл түүний хариуцах ёстой хорих ангиуд, тэр дундаа хорих ангийн дарга нар чихнээс нь хонх уяаад эхлэв.
Бүр тодруулбал, хорих ангиудад иргэд сэтгэл хангалуун бус байгаа төдийгүй өөрсдийнх нь эрхэнд халдаж байгаа талаар удаа дараа гомдоллодог. Зарим өмгөөлөгчдийн зүгээс энэ талаарх шүүмжлэлийн үгсийг чулуудаж байдаг нь нууц биш.
-Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн даргыг хууль зөрчсөн журам гаргасан гэж та гомдол гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга хуулиас дээгүүр давсан, аман шийдвэр гаргаж байна. Энэ нь журам болон шийдвэр захирамж биш. Учир нь журам, шийдвэр заавал бичгээр тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажих ёстой. Үүний дараа хуульзүйн хүчин төгөлдөр акт болдог. Гэтэл н.Амардорж дураараа шийдвэр гаргаж “Хоригдлууд манай хорих ангид ирснээсээ хойш заавал зургаан сар хоригдсоныхоо дараа магадлангаар суллагдах ёстой” гэсэн аман шийдвэр гаргасан байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасан хугацаанаас өмнө тэнсэн харгалзах, магадланд хамрагдах боломжийг хаасан үйлдэл болж байна. Тухайлбал, миний үйлчлүүлэгч болох Г.Сарангэрэлийг хугацаанаас өмнө тэнсэн харгалзах боломжоор хангагдах эрхийг нь хязгаарлалаа. Эрүүгийн хуулийн 74.1.3 дахь хэсэгт хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд эдлэх ялынхаа ½-ыг эдэлсэн бол магадланд орж буюу хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж болно гэж заасан байдаг. Гэтэл н.Амардоржийн гаргасан шийдвэрээр боломжгүй болж байна. Жишээлбэл, хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт 2 жил хоригдсон этгээд 461 урьдчилан хорих ангид 1.6 жил хоригдоод энэ ангид ирэхэд хугацаанаасаа өмнө суллагдах ямар ч эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 74 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж чадахгүй болж байна.
-Уг нь Г.Сарангэрэл эдлэх ёстой ялынхаа ½-ыг эдлээд магадланд хамрагдах боломжтой болсон юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Гэтэл энэ эрхийг нь хурандаа н.Амардорж хязгаарлалаа. Энэхүү аман шийдвэр нь заавал хорьж цагдаж, шоронжуулсан бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг хэлбэр. Эрүүгийн хуулинд иргэдийг айлган сүрдүүлэх замаар тэдэнд эрхзүйн ухамсар бий болгож хүмүүжүүлж төлөвшүүлэхэд чиглэгдэж байдаг боловч ингэж хорьж цагдаж хуулинд олгосон хүний эрх эрх чөлөөг хязгаарласнаараа үргэлжилж сөрөг үр дагавар авчирдаг
-Ер нь энэ төрлийн шийдвэрийг хорих ангийн дарга нар дур мэдээд гаргаж болдог юм уу. Уг нь бол ШШГЕГ-ын даргын гаргасан шийдвэрийг дагаж мөрддөггүй юм уу?
-Хуулиас давсан шийдвэрийг хорих ангийн дарга нар гаргадаг болж байна. Хүмүүсийн засарч хүмүүжих эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг хязгаарлаж байна.
-Таны гомдлыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Миний гаргасан гомдлыг хүлээж авахгүй бол дээд шатны байгууллагад нь гомдол гаргана. Хандах ёстой газарт нь хандана.
Ийнхүү эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид заавал зургаан сар хоригдож байж магадланд хамрагдах боломжтой болох аман шийдвэр гаргасан нь яахын аргагүй шоронжсон нийгмийг бүрдүүлж байгаа нэг хэлбэр юм. Учир нь уг иргэн эмэгтэйчүүдийн хорих ангид хоёр гурван сар суулаа ч цагдан хорих ангид хамрагдсан хугацаагаа тооцоод 1/2 –ээ эдэлсэн бол магадланд хамрагдах боломжтой байсан юм. Уг нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, шинээр томилогдсон сайд Д.Дорлигжав шоронжсон, хүнийг учир утгагүй хорьж цагддаг байдлыг зогсоож хорихоос өөр төрлөөр ял эдлүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн санал бодлоо илэрхийлдэг. Гэтэл хорих ангийн дарга нарт тэдний хэлж байгаа үг тийм их нөлөөлөхгүй байгаа бололтой.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (25)