
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт
хөдөлмөрийнхөө үр шимээр олонд танигдсан, залууст үлгэр дуурайл болсон
нэгэн дуучин залуугийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол саяхан “Who
is BX” хэмээх өөрийн хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн, дуучин ВХ
юм. Ингээд түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана
уу. Энэ боломжийг facelook танд олгож байна.

“Цагаан хослол, бүрх малгай”:
“... одоо тэрнийхээ царайг хармаар байна
Одод мичдийн доор хамтдаа зогсмоор байна...” oh oh oh... гэж хэлсээр цагаан хослол, цагаан бүрх малгайгаар гангарч, этгээд өвөрмөц хөдөлгөөнтэй, татганаж, орооцолдсон бүжиг хийн имиджээ бүрдүүлэн гарч ирсэн энэ залууг ВХ гэдэг. Оригинал нэр нь Г.Батбаатар. 1984 оны 2 дугаар сарын 2-нд Баянхонгорт төрсөн. Анхны уран бүтээл нь “Sweet girl”.

“Анхаарлаа нааш нь”: Тухайн үедээ монголчууд хип хоп, поп, рок зэрэг олон төрлийн хөгжмийн урлагт татагдсан байсан ч өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэн гарч ирсэн түүнд анхаарлаа тод томруун хандуулсан юм. Мэдээж өвөрмөц хоолойтой, анхаарал татахуйц тэрээр богинохон хугацаанд нэлээд олон фэнтэй боллоо.

“Сак”: Дараахан нь монголын урлагийн ертөнцөд хэдий нь байр сууриа олсон “Ice Top” хамтлагтай хамтран нэгэн дуу дуулсан нь тухайн үедээ хүмүүсийг, тэр дотроо залуусыг тэр чигт нь байлдан дагуулсан юм. Энэ дуу бол “Sak”. Сак хэмээх дуу гарснаар энэ үг жинхэнэ брэнд болсон гэх үү дээ. Одоо “Сак” нэртэй хэчнээн ч зүйл байдаг юм бүү мэд. Үүний дараа ВХ-ын фэнүүдийн тоо нэмэгдсээр.

“Тавтай морил ВХ”: Түүнийг жинхэнэ утгаар нь монголын рок, поп ертөнцөд оруулсан дуу бол “Би нэгэн ээжийн эрх охинд сэтгэл алдачихаад, инээмсэглэх төрхийг нь харахгүй бол тэвчихгүй нь...” мэдээж энэ бол “My Love”. Энэ дууны үгийг өөрөө бичиж, аяыг нь хөгжмийн зохиолч Ганзориг хийсэн байна. Мөн нэгэн франц дуучин өөрөөс нь зөвшөөрөл авалгүй дуулж явсандаг шүү.

“Батбаатар”: Жинхэнэ нэр нь Г.Батбаатар. ВХ-ын “В” нь өөрийнх нь нэрний эхний үсэг харин “Х” бол нууцлагдмал гэдгийг илэрхийлдэг шүү дээ. Урлагийн нэрээ ийнхүү сонгосон нь алдаагүй сонголт байсан нь одоо харагдаж байна шүү.

“Ү+Б=LOVE”: Түүний эхнэрийг О.Үен гэдэг. Бүжигчин. Одоогоор нисэх онгоцны билетийн “Air market” компанид ажилладаг. О.Үен, Г.Батбаатар хоёр гэрлээд хоёр охины эцэг эх болсон. Том охиныг нь Б.Мишээл, багыг нь Б.Сондор гэдэг. Мишээлийн хувьд түүний өөрийнх нь охин биш ч, өөрөө багадаа эцгээсээ хагацах зовлонг мэдэх учир өөрийн охин мэт хайрладаг.



“Нөхөр. Аав”: Гадуур, дотуур аялан тоглолт, амралт, зугаалгаар охидтойгоо ихэвчлэн хамт явна. Харьцахад илэн далангүй, амар хүн. Сайхан хань, сайн эцэг. Харин өөрийнх нь эцэг 32-хон насандаа нас барсан ба ээж нь Чехэд ажилладаг. ВХ-ыг Чехэд амьдардаг ээжээсээ үргэлж мөнгө авдаг тухай нэг хэсэг гадуур яригдаж байв. Харин түүний хариуд “Миний ээж Чехэд ажилладаг нь үнэн, гэхдээ би ээжээсээ нэг ч төгрөг авч үзээгүй, өөрийнхөө хүчээр, өөрийн гэсэн бүхэнтэй болчихоод ээжийгээ авчирч хамт амьдарна” гэсэн юм.



“Хувьсал”: Түүний стиль яаж өөрчлөгдөх нь энэ вэ? Сүүлийн үед ВХ бүрх малгай, хослолоо гээж, саравчтай чөлөөт стилийн малгай, жинсэн өмд, спорт гутлаар сольжээ. Анхны олонд танигдсан стиль цаг үеэ даган хувьссан бололтой.



“Лого”: Олонд танигдаад ирэхээрээ хүмүүсийн ихэнх нь өөрийн гэсэн лого, тэмдэгтэй болдог. Харин ВХ-ын лого энэ. Түүнийг та дуучны клип, малгай, цамц гээд олон газар харсан биз. Логон дээрээ стилээ өөрчилсөн ч бүр мөсөн хаячихаагүй нь харагдаж байна.


“Надад мөрөөдөл бий”: Тэрээр олон хамтлаг, дуучидтай хамтарч уран бүтээл хийсэн. Эгшиглэн, Агиймаа, Опозит, Бэбэ гэх мэт. Харин хамгийн их нийлж уран бүтээл хийдэг найз нь бас нэгэн өвөрмөц тайзны нэртэй дуучин болох ноён Quiza юм. “Хэв маягаа эвдэцгээе”, “Хүмүүн төрөлхтөн”, “I have a dream” гэх мэт залуусын сонсох дуртай дуунуудыг бүтээсэн.


“Фэйсбүүк”: Ихэнх дуучид сонсогч фэнүүдтэйгээ үргэлж холбоотой байдаг. Энэ боломжийг олон нийтийн интернэтийн сүлжээ илүү ихээр олгодог. ВХ-ын хувьд ч ялгаагүй. Хэрвээ та түүний фэн бол фэйсбүүк дээрээ “ВХ” гээд хайгаарай.

“Who is BX” : Дуучин ВХ анхныхаа тоглолтыг хийснээс хойш хэрхэн өсөн дэвжсэнээ сонсог ч түмэндээ хүргэхээр “Who is BX” хэмээх хоёр дах тоглолтоо энэ сарын 2, 3-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийсэн. Монголын томоохон концертын танхимыг дүүртэл тэр олон хүмүүсийг цуглуулж чадсан нь түүний амжилтыг илэрхийлж буй юм.

“Цагаан хослол, бүрх малгай”: ВХ энэ тоглолтон дээрээ эртний цагаан хослол, бүрх малгайгаа өмсөн гарч ирсэн нь сонсогчдийнх нь хувьд сюрприз байсан юм.

“28”: 28 насныхаа төрсөн өдрийн бялууг тоглолтон дээрээ, сонсогч фэнүүдтэйгээ хамт хуваасан юм. Өөрөө хөгжим сонсож ирээдүйгээ, мөрөөдлөө төсөөлдөг хүн. Тоглолтыг нь үзсэн хүмүүс “Who is BX” гэсэн асуултын хариуг мэдсэн биз.
Сэтгэгдэл (28)