

- Таны нөхрийн биеийн байдал ямар байна вэ?
- Бие нь бол нэлээн хүнд байна лээ. Хуурай өлсгөлөнгийн хордлогын сүүлийн хэлбэрт орчихоод байгаа. Надад эцсийн эцэст хань минь л хэрэгтэй болохоор ингэж зовох хэрэг байна уу гэж бодож байсан. Харин манай хүн “Эд нар надад өөр тэмцэх арга, хэрэгсэл үлдээсэнгүй. Яасан ч гэсэн шударга ёсны төлөө, улс төрийн өрсөлдөгчөө ийм аргаар устгаж байгаагийн эсрэг надад өөр тэмцэх арга алга аа. Миний бүх эрхийг хааж, хууль бусаар хорьсон. Ийм байхад битгий миний тэмцэлд саад бол” гэж шууд хэлсэн. Би нөхрийгөө бие нь яах бол гэж өрөвдөж байгаа. Өлсгөлөнгөөс гарлаа ч нэлээн их үлдэцтэй байдаг гэсэн.
- Дөрөвдүгээр сарын 12-ны шөнөөс хойш таны хувьд хэр хугацаа өнгөрөв?
- Маш удаан хугацаа өнгөрсөн юм шиг санагдаж байна. Маш их олон үйл явдал боллоо. Ганцхан манай хүний хувьд ч биш нийгэмд эвгүй зүйлүүд их гараад байх шиг байна. Манай хүнд улс төрийн бүлэглэл, ихэнхи төрийн түшээдийн хандаж байгаа хандлага гайхаш төрүүлж байна. Арай ч дээ, ардчилсан нийгэмд ийм юм байдаг юм уу? гэж гайхаж байна. Миний нөхөр чинь нэг л иргэн нь шүү дээ. Манай хүнд ингэж хандаж байгаа юм чинь жирийн иргэдтэй яаж харьцдаг бол, ард түмнээ яаж хамгаалж чадах юм бол зэрэг маш олон асуулт төрсөн.
- Н.Энхбаяр ерөнхийлөгч байхад нь маш олон найз нөхөд, тойрон хүрээлэгчид байсан. Энэ үед тан руу хэр олон хүн залгаж байна?
- Манай хүний “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэж номоо нэрлэсэн нь яг л үнэн гэж бодож байна. Албан тушаалтнууд ер нь дайжиж байгаа. Тухайн үед манай нөхөртэй биш албан тушаалтай нь найзалж байсан юм байна л даа. Энгийн ард түмэн бол сэтгэлээа барь гээд өдөр шөнөгүй ярьж байгаа. Настайчуудын даралт хүртэл муудаад байгаа. Ард түмний дулаан, бүлээн сэтгэл л надад хүч өгч байна.
- Таны нөхөр бол гадаад ертөнцөд нэртэй улс төрч. Ерөнхийлөгч байхдаа бусад орны төрийн тэргүүнүүдтэй сайн харилцаа холбоотой байсан. Энэ үйл явдлыг гадаад ертөнц хэрхэн хүлээж авч байгаа бол? Танд үүнийг анзаарах сөхөө байна уу?
- Гадаадынхан бол гайхаж байна лээ. Анх удаа ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо гээд байгаа. Гэтэл тэр баривчилж авч явсан байдал нь хачирхалтай. Хуулийн байгууллагууд нь хүртэл хэвлэлийн бага хурал дахин дахин хийгээд, нам шиг ажиллаад байна. Ингэж муухай, харгис балмад хандаж байгаад гайхаж байгаа юм билээ.
- Английн хуульч, өмгөөлөгч манайд ирлээ гэж сонсогдсон. Энэ хүн хууль зүйн ямар туслалцаа үзүүлж чадах бол?
- Яг өмгөөлөгч гэсэн утгаар ирээгүй. Бид нар өөрсдөө, гадаадад байгаа найз нөхөд нь хүний эрхийн байгууллагуудад хандсан. Тэр хүн бол ерөнхий прокурор байсан, парламентийн доод танхимын гишүүн, өөрөө маш өндөр ёс зүйтэй хүн. Олон хүний эрхийн байгууллагын удирдах зөвлөлд байдаг. Монголд юу болоод байна вэ гэж тэр байгууллагуудаас нь явуулсан юм шиг байна лээ. Надтай ч уулзаагүй л дээ. Зарим зохих хүмүүстэй уулзаад явсан. Зарим нь хүлээж аваагүй гэсэн. Тэгээд заавал хорих шалтгаан байхгүй юм байна аа гэсэн дүгнэлт гаргасан.
- Таны нөхрийн хөлийг гозолзуулаад, хувцсыг нь дээш нь сөхөж, гэдсийг нь гаргаад аваад явахыг ээж аав нь хараад хэцүү байсан байх. Хэрхэн хүлээж авч байна?
- Яаж сайн байхав дээ. Нулимсаа л барьж байгаа шүү дээ. Настай, 70 гарсан хүмүүс байдаг. Ямар ч байсан амьдралынх нь хэдэн жилээс хорогдож л байгаа байх. Би тэдэнд маш их санаа зовж байна. Баривчилгааны хувьд манай нөхрийг ухаан алдуулаад аваад явсан юм билээ. Эхний өдөр бол яаж ухаан алдуулсан гэдгийг өөрөө мэдэхгүй байгаа. Боосон юм уу, тарьсан юм уу санахгүй байгаа.
-Та дэргэд нь байгаагүй юм уу?
- Баривчлах үе би хажууд нь байгаагүй. Бид нарыг бүгдийг нь шахаад, тэр сайхан өндөр биетэй залуучууд чинь тойрч бүслээд, хүмүүсийг түлхэж унагаасан. Гишгэхийг нь гишгээд, цохихыг нь цохиод хормын дотор л аваад явсан. Сүүлд нь харахад хүмүүс саруул ухаантай бол хүн булчингаа чангалчихдаг. Гэтэл хөл нь сул байна гээд яриад байсан. Тийм балмад харьцсан шүү ээ. Ээж аав нь харсан байж таараа. Эхийн нулимс гэж юу байдгийг тайлбарлах хэрэггүй биз.
- Танай том болсон хүүхдүүд энэ үйл явдалд хэрхэн хандаж байна. Аав нь захидал бичсэн гэсэн?
- Хуулийнхан хамгийн эхэнд гэнэдээд ард түмэндээ бичсэн захиаг нь гаргачихсан юм байна лээ. Тэрнээсээ сургамж аваад дараа нь ямар ч бичиг цаас гаргаагүй. Тиймээс бидэнд ямар нэг захиа ирээгүй. Гэхдээ сүүлийн үед өдөр болгон уулзаж байгаа. Захидал бичээд суух чадал байхгүй болсон. Хүүхдүүд шударга бус байдал гэж ийм зүйл байдгийг нүдээрээ үзэж байх шиг байна. Хүүхдүүд маань "Аавын үед бол хэзээ ч ийм зүйл болохгүй байсан" гэж хэлдэг. Манай хүн албан тушаалтай байсан бол хэзээ ч Монголд ийм үйл явдал болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөө их шударга ёсны мэдрэмжтэй хүн л дээ. Манай бага охин 10 настай. Аавтайгаа уулзана гээд байдаг. Эмнэлэг рүү авч явж байгааг нь зурагтаар хараад эхэр татаад уйлаад байсан. Одоо нөхөр маань 12 кг турсан, чанга ярьж чадахгүй, хоолой нь гарахгүй, шивнэж ярьдаг. Тийм байдалтай байхад жоохон хүүхэд харвал юу болох вэ? Би ээж, аавыг нь ч уулзуулахгүй гэж бодож байгаа. Хөгшчүүл хараад аймар л юм болно.
- Н.Энхбаярыг авлигалын загалмайлсан эцэг гэж нэрлээд байдаг?
- Авлигалын загалмайлсан эцэг гэдэг үг бол зохион байгуулалттай кампанит ажил. Тэр үед энэ хүний нэр төрд халдаж, гүжирдэж, доромжилж байсан зохион байгуулалтай ажил нь явсаар явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн юм байна. Огт холбогдолгүй зүйлд холбож түүнийг бичдэг. Намайг Швейцарийн банкинд хэдэн доллартай гэлээ? Санаанаасаа зохиож бичээд байна шүү дээ. Нөхөр бид хоёр нэр хүндтэй болох, имиж талдаа тэгэж их анхаардаггүй. Би няцаалт гаргаж байсан ч муухай гүжир гүтгэлгэд дарагдаад байсан.
- Танай гэр бүл Буддын шашинд их сүсэглэдэг. Амьдралын утга учир гэж таныхаар юу вэ?
- Миний нөхөр "Эцсийн эцэст хүн хийсэн үйлээрээ л байдаг. Муу үйл нь эргээд хүрээд ирдэг" гэсэн хандлагатай л даа. Буддизм гэдэг бол гүн ухаан, философи. Амьдралын утга учир гэдэг амьдралын утга учрыг ойлгоход л оршино. Аав нь хүүхдүүддээ хүн чанараа гээж болохгүй, хүн хэвээрээ л байх хэрэгтэй гэдэг.
- Маргааш юу болох вэ гэж бодож байна уу?
- Энэ бол миний хамгийн их шаналж байгаа зүйл. Маргааш, нөгөөдөр байтугай цагийн дараа яах бол гэж түгшиж байна. Төр засгаас дэмжлэг харагдахгүй байна. Зохион байгуулалттайгаар манай хүнийг устгаж байна. Хүний эрхэнд халдахдаа жигтэйхэн хууль барьдаг болчихдог юм байна. Яагаад манай хүнээс айгаад байгаа юм? Н.Энхбаярыг гаргачихвал яачих гээд байгаа юм? Гарангуутаа Монголын талыг зарчих гээд байгаа юм уу? Тэд их айж байна гэдэг нь харагдаж байна л даа.
- Зарим улс төрийн бүлэглэл яагаад хатуугаар өшөө авах болсон юм бол? Ц.Нямдорж сайд гээд олон хүнтэй гэр бүлийн сайхан харьцаатай байсан байх. Яагаад бие биенийгээ үзэн ядах болсон юм бэ?
- Манай хүн бол үзэн яддаггүй, зарчим ярьдаг. Юу байдаг болоод хүмүүс ийм зан гаргаж байгааг ойлгохгүй байгаа. Мэдээж энэ бол сонгуультай холбоотой. Энэ хүн, энэ нам гарч ирвэл улс төрчдөд аюултай байгаад байна. Үгүй байсан бол хамтраад эсвэл сөрөг хүчин болоод ажиллах л байсан.
- Улс төрд орсон хүн тайван байдаггүй. Таны нөхөр улс төд амьдралаа зориулна гэж ярьж байсан уу?
- Яг тийм яриа болсон гэхэд хаашаа юм. Би өөрөө бага зэрэг шударга ёсны мэдрэмжтэй. Манай гэр бүлийн түүхэнд шударга ёсны төлөө тэмцэж байгаад хэлмэгдсэн хүмүүс байдаг. Бид нар хэнд ямар боломж байна түүгээрээ л тэмцэж ирсэн.
- Н.Энхбаяр удирдаад байна уу, таныг удирдаад байна уу гэсэн яриа ерөнхийлөгч байхад нь их гардаг байсан. Та нөхөртөө зөвлөдөг байсан уу?
- Наад асуулт чинь өөрөө инээдэмтэй санагдаж байна. Ерөнхийлөгч байхад нь би нэг ч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн рүү утасдаж үзээгүй. Харьцаж ч үзээгүй. Тааралдахаараа мэндэлдэг, эхнэрүүдтэй нь найрсаг харьцаатай байсан. Эхнэрийнхээ нөлөөнд орвол бусдын нөлөөнд ч орно гэсэн үг. Тэгэж болохгүй. Манай нөхөр зөвлүүлээд байх ч хүн биш, харин надад зөвлөдөг. Хол ч бодлого мэдлэг боловсрол нь надаас хамаагүй дээр. Тэр бол ор үндэсгүй яриа. Би Н.Энхбаяр гэдэг хүний эхнэр болсноороо, цайг нь чанаж явснаараа бахархаж байна. Түүнтэй амьдарснаар миний амьдрал хэд дахин баялаг болсон.
- Таны нөхрийг суллуулахыг шаардаж хориод хүн өлсгөлөн зарлаж байна. Та тэдэнд юу гэж хэлэх вэ?
- Бид ялна л гэж хэлнэ дээ. Манай нөхөрт одоо ганцхан амь насыг нь л үлдээсэн байна. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, найз нөхөдтэйгээ уулзахыг нь хориглоод байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа.
24tsag.mn