Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өчигдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Хөвсгөл Увс аймгийн нутаг түймэртэй байгаа аж. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Хясуу ферм гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн бөгөөд тус аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархсан байна. Улмаар Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг Эмгэнт гэдэг газрын түймэр цурмаас алдагдаж тус сумын Онон багийн Баруун зүүн хавчуу, Бэрхийн-Ам, Улаан-Өндрийн даваанд тархан асч байна. Түүнчлэн Шивэртийн даваанаас Онон гол хүртэл 33 километр газар цурав татан, нийт 108 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг Дархинт гэдэг газарт тархан шатсан түймэр энэ сарын 25-нд цурмаас алдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсныг 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж буй юм байна.