ХХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
Үүнд:
Нэг. Буудайн үр, шатахууны хүрэлцээ хангамжийн талаар
Тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг орон нутгаас хүлээн авч дутагдах үрийг хангах арга хэмжээ авч байна.
Хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил хийгдэж байна.
Түүнчлэн тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам,агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж байна.
Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 20 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулж эхлээд байна.Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийгээд байна.