Баянхонгор аймгийн Прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сум дундын 3 дугаар шүүх, хамтран 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Өлзийт суманд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл зохион байгуулжээ.
Тус арга хэмжээний хүрээнд хяналтын прокурор П.Мөнхтуяа “2014 он, 2015 оны эхний I улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл”-ийн талаар мэдээлэл хийсэн байна.
Дээрх үйл ажиллагаанд сумын 139 төрийн албан хаагч, малчин иргэд оролцож санал, хүсэлтээ илэрхийлсэн ба оролцогчдод гарын авлага, сургалт, сурталчилгааны материал, санамж, сэрэмжлүүлэг тарааж ажилласан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах, гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт өгсөн томоохон арга хэмжээ болжээ.
Уг арга хэмжээний үеэр бусдын 73 тооны бог, 3 тооны бодыг 4 удаагийн үйлдлээр хулгайлсан Д, Б, Э нарт холбогдох хэргийг нээлттэйгээр хэлэлцэж, шүүхээс шүүгдэгч Д, Б, Э нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Мөн аймгийн Прокурорын газраас сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ажлыг 2015 оны I улирлын байдлаар газар дээр нь шалгаж чиглэл өгч ажиллажээ.