Л.ГАНСҮХ: ГАДНААС УЛС ТӨРИЙН ОРОГНОЛ ХҮСЭХГҮЙ, ХАРИН МОНГОЛДОО ҮЛДЭЭД ТОРНЫ ЦААНААС Ч ГЭСЭН ТЭМЦЭХ БОЛНО
АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Гансүхтэй ярилцлаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг тойрсон нүүрсний хэрэг өдгөө ч олны сэтгэлд эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Энэ талаар болон АН-ын өнөөгийн байдлыг хөндөн ярилцлага маань өрнөлөө.
-Та айж байна уу? Хэзээ таныг дахин баривчлах бол? Яг ийм айдас танд болон гэр бүлийнхэнд чинь ямар нэгэн байдлаар үлдсэн үү?
-Одоо бол намайг баривчилна гэж байхгүй. Харин шоронд явуулчих вий гэхээс айх хэрэгтэй болчихоод байна. Нэгэнт Гансүх гэдэг хүнд үндэслэлгүй хэрэг үүсгэсэн юм чинь энэ зохиомол хэргээ ямар ч аргаар хамаагүй нотлох нь АТГ-ыг энхийн цагаан тагтаа болгон харагдуулах ганц боломж болчихоод байгаа юм. АТГ гэдэг нэрийг ариун байлгахын тулд намайг яаж ийгээд шоронд явуулж, ял үүрүүлэх сонирхол байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Мэдээж, гэр бүлийнхэнд маань ч гэсэн ийм айдас байгаа. Анх жил гаруйн өмнө энэ хэрэг үүсэхэд надад “ Үнэн зөв нь олдоно” гэсэн гуйвашгүй итгэл байсан. Энэ итгэл найдвараа өвөрлөн олон гүтгэлэг доромжлол, хүнд бэрхийн ард гарлаа. Гэтэл одоо өнөөх зохиомол хэрэг маань явсаар байгаад АТГ хүнийг яаж хэлмэгдүүлдэг юм бэ гэдгийг илчлэх амьд гэрчтэй, амьд баримт болчихлоо. Тэгэхээр АТГ өөрийнхөө нэр хүндийг авч үлдэхийн тулд Гансүхийг давхар золиослох шаардлагатай болж хувирчихаад байна.
-Зохиомол хэрэг гэж та хэллээ. Гэтэл одоо өөр нөхцөл байдал үүсчихээд байна?
- Ямраар ч бодсон 25 мянгаар ченжүүд аваад 200 мянгаар зарж байсан нүүрсийг 27500 төгрөгөөр нэг компани аваад 80 мянгаар иргэдэд хүргэсэн нь сайшаалтай ажил. Тэгээд бүр нүүрсээ хоёр дахин шигшээд, стандарт уутанд шуудайлаад, амыг нь оёод, Улаанбаатар хот даяар байгуулсан 163 дэлгүүр буюу түгээх цэгээр дамжуулан хүмүүст хүргэсэн нь буянтай ажил байсан гэдгийг хэлмээр байна. Тийм болохоор би олны нүдэнд ил тод байгаа, үр дүнг нь айл өрхөөрөө, нийслэлээрээ мэдэрч байгаа энэ үнэнийг олно гэж итгэж хүлээсэн. Гэтэл эхнээсээ маш олон хууль зөрчсөн, гүтгэсэн зохиомол үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар өнөөдөр надад 10 жил хүртэл хорих , бүх эд хөрөнгийг маань хураах ял төлөвлөж байна. Тийм учраас түрүүчийн чиний хэлдгээр айдас, болгоомжлол төрсөн. Зохиомол хэрэг гэж яагаад нэрлээд байгаа юм бэ? Хэргийг хэрхэн зохиож, хүнийг хэрхэн хэрэгтэн болгон хохироож болдгийг би өөрийн бие, сэтгэлээр туулж явна.
-АТГ нүүрсний гэх энэ хэргийг үнэн гэж нотолж, хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Гэтэл та бас нэг үнэнийг дэлгэж байна. Энэ хоёр үнэний алинд нь итгэх юм бэ? Үнэн яг хаана байгаа юм?
-АТГ гэдгээр нь би энэ байгууллагыг буруутгахгүй. Авлигатай тэмцэх зорилгоор анх байгуулагдсан, би ч УИХ-ын гишүүний хувьд хуулийг нь батлалцаад сууж байлаа. Харин АТГ үйл ажиллагаагаа явуулахдаа гол чиг шугамаасаа хазайж, улс төрийн зорилгоор ажиллаж болдог юм байна гэдгийг надтай холбоотой энэ хэрэг нотоллоо. АТГ-ын энэ хэлмэгдүүлэлтэд цэг тавьж, дахин өөрчлөн сайжруулах шаардлагатай гэдэг нь эндээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл АТГ анх байгуулагдаж байсан үе өнгөрч, бодит амьдралаас ургасан дараагийн өөрчлөлтийг шаардаж байгаа юм. Хэн нэгнийг улс төрийн зорилгоор хохироохгүй байх хууль зүйн тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж би улстөрчийн хувьд харж байгаа. Гансүхээр бүх юм дуусчихгүй шүү дээ. Олон сайхан аавын хөвгүүд бас ийм байдлаар золиос болбол яах юм? Улстөржих болохоороо АТГ муу араншинтай, муу талын дүр болчихдог энэ байдалд хуулийн хүрээнд зохицуулалт хийж байж, АТГ-ыг гол зорилгынх нь дагуу, жинхэнэ утгаар нь ажиллуулах болно.
-Муу дүрийн тухай та ярьлаа. Ингэж дүгнэтлээ ямар зам туулав?
-Улс төрийн тодорхой бүлэглэлийн эрх ашгийн төлөө ямар ч хуулийг зөрчиж, ямар ч байдлаар хуурамчаар хэрэг зохиож, хүнийг яаж ч хэлмэгдүүлэхэд бэлэн, тийм хэмжээний чадалтай, эрх мэдэлтэй, сүлжээтэй байгууллага болчихсон байна. Үүгээрээ АТГ нийгэмд айдас төрүүлж байна. Улстөрч, бизнесмэн, төрийн албан хаагч, энгийн иргэн хэн ч байсан хэрэг зохиож, тохож чадаж байна. Хэрэг зохиохдоо эд нар өөрсдөө хийхгүй байна. Шинжээч, шинжээчийн дүгнэлт гэдэг дундын этгээдээр бүх юмаа хийлгэж даджээ. Тэр шинжээч хэмээх дундын этгээдийг ямар нэгэн байдлаар эрхшээлдээ оруулж, өөрсдийн зохиосон хэрэг дээр тусгайлан захиалсан дүгнэлтийг гаргуулж, тэр дүгнэлтэндээ үндэслэн шүүх, прокурорын шийдвэр хүртэл түлхэж, нөлөөлж чадаж байна.
-Энэ ярьж байгаагаа та яаж нотлох юм бэ?
-Үүний тод жишээ бол миний хэрэг. Энэ тохиолдолд тэд яаж ажилласан гэхээр Үндэсний аудитийн газар, аудитийн хувийн компани хоёрыг ашигласан. Хэрэв татвартай холбоотой хэрэг бол хэн нэгэн татварын байцаагчийг ашиглана. Эрүүл мэндтэй холбоотой хэрэг бол эмчийн дүгнэлтийг ашиглана. Шинжээч гэдгийг АТГ өөрөө томилоод, хүссэн дүгнэлтээ гаргуулаад, хэнийг ч хэрэгтэн болгож чадаж байна.
-Таны нэр холбогдсон нүүрсний хэргийн хувьд шинжээч ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Гансүхийн гээд байгаа зохиомол нүүрсний хэрэг дээр тайлбарлъя л даа. Үндэсний аудитийн газрын шинжээчийг томилсон. Тэгэхдээ АТГ-аас тус газарт албан бичиг хүргүүлээд томилуулчихсан байдаг. Гэтэл Үндэсний аудитийн газар зөвхөн ҮАБЗ-ийн дарга юм уу, УИХ-аас өгсөн зааврын дагуу чанарын баталгаажуулалтын хяналт шалгалтыг зөвхөн төрийн байгууллагад хийдэг газар. Гэтэл АТГ-аас эдний байцаагчийг хувийн компанид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгүүлж байгаа юм. Тэгэхдээ бүр хувийн компанийн санхүү тайланд хийлгэсэн. Бас “Багануур” компанийн зөвхөн “ Нүүрс” хөтөлбөрт гаргасан ажил дээр тасалж хэсэгчлэн шалгалт оруулсан. Ингэж болохгүй л дээ. Шалгах гэж байгаа бол бүхэл цогцоор нь харах хэрэгтэй. Үүнээс ноцтой нэг зүйл нь юу гэхээр аудит хийсэн Ичинхорлоод АТГ-ын хоёр байцаагч өөрсдийн зохион бичсэн зохиолоо өгөөд дүгнэлт болгоод гаргуулчихаж байгаа юм.
-Баримт байгаа юм уу?
-Энэ тухай Ичинхорлоо өөрөө манай өмгөөлөгч Баасандоржид хэлсэн байдаг. Тэр дүгнэлтэд бодит байдлыг гуйвуулсан маш олон үг, өгүүлбэр бий. Нөгөө талаар хувийн компанид татварын шалгалт ороогүй байхад татвартай холбоотой дүгнэлт гаргасан. Шалгалт хийхдээ тухайн компанийнхныг байлцуулаагүй. Энэ мэтээр Гансүхийг хэрэгтэн болгохын тулд маш олон хууль зөрчсөн.
- Таны хэлж байгаагаар АТГ муу талаа нүүрсний гэх энэ хэрэг дээр харуулжээ. Сайн тал нь гэвэл энэ байгууллага анхны зорилгынхоо дагуу, хуулийг мөрдлөг болгон ажиллавал авилгатай бүрэн дүүрэн тэмцэж чадах хүчин чадалтай, эрхтэй болсон юм байна. Тэгвэл таныг энэ хэргээр буруутгах зорилго нь юу юм бэ?
-Зорилго тодорхой. Ерөөсөө л Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд ахлах зөвлөхийг нь нийгэмд мангас болгож харагдуулах улс төрийн шаардлага байсан.
-Шинэчлэлийн Засгийн газар аль эрт огцорчихсон шүү дээ. Улс төрийн зорилгоо биелүүлсэн. Одоо тэгвэл тантай зууралдаад байх ямар шаардлага байна?
- Одоо АТГ зохиосон хэргээ нотлохын тулд Гансүхийг золиослох хэрэгтэй болчихоод байгаа юм. Бодит үнэн хэний талд байсан бэ гэдгийг нийгмээс нуухыг эрмэлзэж байна. Гансүх л хэрэгтэн болохгүй бол АТГ бүтэн жил бүх түвшинд худлаа ярьсан гэдэг нь илрэх болно.
- Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах сонирхол МАН-аас илүү АН-д байсан. Танай намын дотоод зөрчил, таарамжгүй байдал, эрх мэдэл булаацалдсан амбийцийн үр дүнд Шинэчлэлийн Засгийн газар унасан. Ялангуяа АН-ын төлөөлөл төрийн гурван өндөрлөгт сууж байх үед энэ явдал боллоо. Тэгэхээр танай намынхан өөрсдөө л АТГ-ыг буруу тийш нь залаад, улс төрийн зорилгоор ашигласан юм биш үү?
-Төрийн гурван өндөрлөг үүнийг зохион байгуулсан гэж би хэлэхгүй. Надад баримт алга. Нөхөддөө буруу санаж явмааргүй байна. Харин нам дамжсан улс төрийн бүлэглэл Н.Алтанхуягийг огцруулахын тулд үүний цаана ажилласан гэж би харж байгаа.
-Нэгэнт зохиомол хэрэг гэж та хэлсэн. Хүнийг хэрхэн хэрэгтэн болгодгийг тодорхой дэлгэвэл адилхан бэрхшээл туулж яваа хүмүүсийг олон нийт ойлгох байх?
-Эхлээд сонин хэвлэлээр сүр дуулиантай зарладаг. Аймаар том гэмт хэрэгтэн, олон зуун сая төгрөг идсэн гэсэн шуугианыг дэгдээдэг. Тэгээд нөгөө муу Гансүхийг ганцааранг нь буланд аваачаад зогсоочихдог. Гансүх рүү хэн нэг нь ойртох гэхээр л “ Хараач ээ, тэр хамтарсан юм байна” гээд хашгирч эхэлдэг. Үүнээс нь айгаад бүх хүн холдоно. Ийм аргаар олон нийтээс тасалж, тусгаарлаж байгаад тухтайхан хэрэг зохиодог. Намайг Солонгост ажлаар явж байхад гэнэт л оргон зайлсан гээд шуугиад эхэлсэн. Гэр болон ажлаар нэг ч зарлан дуудах бичиг ирүүлээгүй. Тухайн үед Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэх гээд байдаг. Үүний хажуугаар Ерөнхий сайдын зөвлөх нь хүртэл авилгачин гэдэг давс, амтлагч хэрэгтэй болно оо доо. Тэгэнгүүт оргон зайлсан болгочихож байгаа юм. Тэгэхгүй бол жүжгийн өрнөл, гол хэсэг өнгөрөх гээд байсан болохоор яарахаас ч аргагүй. Нөгөө Гансүх ажлаа дуусгаад Солонгосоос ирдэг, нэгэнт зарлачихсан юм чинь хэрэгтэн болгох дараагийн ажиллагаа эхэлж байгаа юм. Үүний тулд түрүүн ярьсан аудитийн шинжээчийн дүгнэлтийг яаран сандран, хууль зөрчин гаргуулахаас эхлээд олон хуурмаг ажиллагааг хүчээр, эрх мэдлээр далайлган, цөөнгүй хүнийг айлгах замаар явуулж эхэлнэ дээ.
-Долдугаар сарын 29-ний өдөр яг юу болсон юм бэ? Таныг АТГ-ын ажилтантай гудамжинд хөөцөлдөж явахыг Арвин гишүүнээс эхлээд хүмүүс харсан байсан. Та үнэхээр зугтчихсан юм уу?
-Юу болсныг би анх удаа өөрөө яръя. Тэр өдөр АТГ-аас над руу өглөөнөөс эхлээд утастсан. Одоо хүрээд ирээч гэхээр нь “ Өмгөөлөгчөө дагуулж очих уу” гэтэл хэрэггүй гэсэн юм. Тэгэхээр нь өглөө 11 цагийн үед яваад очтол “ Таны тогтоолыг өөрчиллөө, одоо хорино” гэлээ. Хорих шийдвэрээ үзүүлэхийг шаардтал “ Одоохондоо алга байна” гэлээ. “ Шийдвэр нь гарахаар дуудаарай” гэчихээд гарах гэтэл “ Танаас одоо байцаалт авна” гэж байх юм. “Тэгвэл би өмгөөлөгчөө дуудъя” гэж учраа хэллээ. Баривчлах тогтоол байхгүй, Тэгсэн хэрнээ баривчилна гээд байдаг. Өмгөөлөгчгүй ир гэчихээд байцаалт авах гээд байдаг. Яаж ч бодсон ийм хулгай зантай байж болохгүй л дээ. Гарах гэтэл гаргахгүй. Тэгэнгүүт нь “Бие засъя” гэж хэлээд гараад зугтлаа.
-Танд хамгийн түрүүнд зугтах сэдэл төржээ дээ?
-Зугтах биш юмаа. Үнэн бодит байдлыг ямар ч байсан амжаад хүмүүст хүргэе, дуулгая, баривчлах шийдвэргүй байтлаа намайг хорьсныг нь хэлье гэж хамгийн түрүүнд бодогддог юм билээ. Жолоочдоо ч болсон хэлэхгүй бол болохгүй биз дээ.
- Тийм л дээ. Тэгээд зугтаж чадав уу?
- Гарч гүйгээд машин, жолооч хоёроо хайгаад явж байтал нөгөө АТГ-ын залуу надтай зууралдаад, хоёулаа гудамжинд урд хойноо орно биз дээ. Гэтэл нэг харсан хажууханд Арвин явж байна. “ Арвиан, эд нар намайг баривчлах шийдвэргүй байж хорих гээд байна, ингэж болдог юм уу?” гээд нэрээр нь дуудаад хэллээ. Тэгсэн Арвин “ Үнэмлэхээ үзүүл, яагаад байгаа юм , тэр баривчлах бичиг чинь хаана байна?” гээд ёстой даналзлаа. Биднийг ингээд гудамжинд хэрэлдэх, зодолдох, учирлахын хооронд зогсч байтал азаар “ажнай” Бат-Эрдэнэ, Наранхүү хоёр хүрээд ирлээ. Би чинь бөөн баяр. Гурван Их хурлын гишүүнээр хамгаалуулаад баатар. Тэгэхнээ АТГ-аас таван залуу гүйгээд ирлээ. Тэд шууд л “ За за, өргөөд аваад явчихъя” гээд дайрдаг байгаа.
-Энхбаярдах нь ээ?
- Тийм. Би энхбаярдуулаагүй л дээ. За нэгэнт та нар тэгж байгаа бол би алхаад үүдээр чинь оръё. Энэ гурван гишүүн намайг баривчлах бичиггүй хорьсныг чинь гурвуулаа харж байгаа шүү гэлээ. УИХ-ын гишүүн гурвуулаа байгаад ч яаж ч чадаагүй. Өрөөнд оруулаад шууд ард, паартай гавлачихаж байгаа юм. Өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл гавтай суусан. Даралт ихдээд хэцүүдсэн дээ. 18 цагтай уралдан байцаагч баривчлах шийдвэрээ барьсаар амьсгаадан орж ирсэн. Би чинь УИХ-д хоёр удаа сонгогдсон, АН-ын генсекээр ажиллаж байсан, сайдын алба хашсан, Ерөнхий сайдын зөвлөх, Монголын төрд хийсэн бүтээсэн юмтай хүн. Гэтэл ийм байдалд оруулдаг л юм байна. Энэ хооронд өмгөөлөгч маань ирээд намайг асуухаар “ Гансүх байхгүй ээ” гэдгээс өөр хариулт өдрийн турш хэлээгүй байдаг юм. Эндээс би юуг харсан гэхээр АТГ-ын өмнө хэн ч байсан гөлөг. Ийм л болчихсон байна. УИХ-ын гишүүнийг ч баривчлах бол халаасанд нь хар тамхи шургуулж байгаад ч болсон барина. Гудамжинд хоёр залуу үнэмлэхээ үзүүлж саатуулаад “ Бидэнд ийм мэдээлэл ирсэн” гэхэд яах юм?
-Гансүхэд тохиодсон явдал өөр хэнд ч тохиолдох боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Баривчлахыг хүссэн л бол ямар л бол ямар аргаар баривчилна. Үүнийг би харлаа, тууллаа.
-Та намайг айлгаж байна шүү, бас нийгмийг?
-УИХ-ын гурван гишүүний дэргэд Ерөнхий сайдын зөвлөхийг ямар ч зөвшөөрлийн бичиггүйгээр шууд барьж хорино гэдэг бол “Бид хуулиас дээгүүр” гэдэг итгэл үнэмшил энэ залууст бий болсныг харуулж байгаа юм. Энэ итгэл үнэмшлийг хэн бий болгов оо? Одоо л хязгаарлахгүй бол цаашдаа юунд хүрэх вэ? Ийм тохиолдолд чи айхгүй байна уу? Тэгээд шууд Төв аймаг руу аваад явчихаж байгаа юм. Хүнтэй уулзуулахгүй гэсэн бодлого байх л даа. Өмгөөлөгч очихоор уулзуулахгүй. Заавал АТГ-аас зөвшөөрөл авах шаардлагатай.
-Хүний эрхийн үндэсний комисс нэмэр болов уу?
-Ер нь юу ч байгаад хүчгүйддэг юм билээ.
-Та өрөөндөө хэдүүлээ байсан бэ?
-Хүн амины хоёр хэрэгтэнтэй хамт хоригдсон. Гарах, орох тоолонд камерийн өмнө нэгжинэ. Юу вэ гэхээр АТГ-аас айсандаа тэгж байна. Шоронгийн хаалганаас цааш АТГ хуулиараа байх ёсгүй шүү дээ. Тэгсэн АТГ-аас зургаан хүнтэй машин ирлээ. Тэдний үүрэг болгосноор гэнэтийн шалгалт нэрээр нэгжлэг хийж, тэмдэглэлийн дэвтрийг маань хурааж авсан. Ингээд би улс төрийн хэрэгтэн болчихлоо. Уншсаныхаа дараа эргүүлж өгч байгаа юм.
-Тухайн үед ямар ч хүн тулгамдана, сандарна. Харин сүүлд нь энэ бүхнийг эргээд харахад юу бодогдох вэ?
-Би бодож үзсэн. Намайг 7 дугаар сарын 29-нд баривчлах гэж тэгж улайрдаг нь чуулган эхлэх хугацааг тултал хорих гэсэн зорилготой. Чуулган эхлэхэд хоригдол Гансүх бүрэн хэрэгтэн болсон байх ёстой. Авилгачин зөвлөхтэй Ерөнхий сайдыг унагах бэлтгэлээ базааж байнаа даа. Чуулган эхлэхтэй хамт хорих хугацааг нэг сараар сунгачихаж байгаа юм. Улс төрийн барьцаа лавшруулж байгаа нь тэр.
-Энэ хугацаанд таныг хэдэн удаа байцаасан бэ?
-Хоёр сар хорихдоо ганцхан удаа байцаасан. Надаас холуур, цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр Гансүхийг хэрэгтэн болгох үйл ажиллагаа оволзоод байх нь тэр. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хүссэн дүгнэлтээ гаргуулах, прокуророос хэрэгтэй шийдвэрээ гаргуулах гээд бүх юмаа амжуулж, нөгөө Гансүхийг хэрэгтэн болгох зохиолоо үргэлжлүүлэн өрнүүлж байна.
-Ганцхан удаа байцаахдаа юу асуух юм?
-Эхний асуулт нь тодорхой.
-Тэр нь?
-Алтанхуяг яах гэж ирсэн бэ л гэнэ. Намайг хориогүй бол Алтанхуяг юу гэж ирдэг юм.
-Бас юу ярьсныг нь асуух уу?
-Алтанхуяг ирээд надад хоёрхон л юм хэлсэн.
-Юу гэж?
-Чи хэрэг хийгээгүй учраас, манай Засгийн газар сайн ажилласны золиос болсон болохоор би сэтгэл санаагаар дэмжих гэж ирлээ. ШШГЕГ-ын даргатай ирдэг нь чамайг энд янз бүрээр дарамталж, хохироож байна уу гэдгийг мэдэх гэсэн зорилготой. Ерөөсөө ийм л юм ярьсан.
-Ямар тохиолдолд та эрх чөлөөтэй болж болох байсан бэ?
-Алтанхуягийн Засгийн газар огцорчихсон бол надад хэрэг үүсгэхгүй байсан гэж одоо эргээд тэр зохиолын өрнөлийг хараад боддог. Засгийн газар огцорч, дан, давхар дээлийн асуудал шийдэгдсэн бол би хаягдах байсан. Зохиол бол ийм энгийн, ойлгомжтой. Тухайн үед Засгийн газар огцроогүй. Нэгэнт зохиолыг ойлгосон, золиосны дүр гэдгээ мэдсэн болохоор өлсгөлөн зарлаж, УИХ, Ерөнхийлөгчид захиа бичсэн.
-Захиа чинь нийгмийн анхаарлыг татсан л даа. Өлсгөлөн зарласан нь магадгүй АН-ынханд ичгүүр мэдрүүлсэн байх?
-Захидал бичээд, өлсгөлөн зарлаад яг 11 хоноод суллагдсан. Манай намынхан миний бие муутайг мэднэ. Нөгөө Гансүх чинь шоронд үхчихвэл нэгнийгээ торны цаана ийм байдалд хүргэсэн АН-ынхны нэр хүнд ямар болохов. Энэ чинь бидний 25 жилийн турш тэмцэж бий болгосон ардчилсан нийгэм шүү дээ.
-Нөгөө Жастин Капла нарыг эргэж очоод байдаг нөхдөөс чинь таныг эргэв үү?
-Намын нөхдөөс маань Р.Гончигдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Г.Санжмятав, Д.Эрдэнэбат, “Ажнай” Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр нарын олон хүн эргэж очсон. Дарханы АН-ынхан маань ч жагсаал цуглаан зарлаж байгаад эргэх эрх авсан. Эргэх зөвшөөрлийг хэнд ч өгөхгүй байсан болохоор нөхдөө буруутгамааргүй байна.
-Гэхдээ танд гомдол төрсөн үү. Ерөнхийлөгч гэхэд тантай олон жил зүтгэсэн Ц.Элбэгдорж байна. Хамтдаа ажиллаж явсан нэг намын З.Энхболд УИХ-ын дарга байдаг. Гэтэл та хилс хэргээр хоригдоод байдаг?
-Н.Алтанхуяг ажлаа өгчихсөн учраас одоо энэ хэлмэгдүүлэлт зогсоно гэж би найдсан. Гэтэл тэгээгүй. Одоо бол АТГ, Гансүх хоёрын хэн нь мангас юм бэ гэдэг тэмцэл өрнөөд эхэллээ. Би өөрөө улстөрч хүн учраас нөхцөл байдлыг ойлгож байна. Тийм болохоор гомдол гэж энд ярих зохимжгүй. АТГ байх ёстой. Гэхдээ зөв, ёс зүйтэй ажиллах ёстой.
-Дахиад л асууя, та айхгүй байна уу?
-Айхгүй байна. АТГ хаалттай өрөөнд, хөшигний ард, мэс заслын ширээн дээр хэнийг үхүүлэх вэ гэдгийг шийддэг болчихож. Үхүүлчихээд цоожтой, харанхуй өрөөнөөс “Тийм өвчтэй байсан байна, тэгээд үхлээ” гэж хэлж болохгүй ээ. Энэ асуудал дээр туйлширч болохгүй. АТГ хэрэггүй гэж нийгэмд ойлгуулж болохгүй. Гол нь АТГ-ын цонх, хаалга, хөшиг нээлттэй байх ёстой. Үүнийг хийх ёстой. Хянадаг, үнэн зөвийг нь ялгадаг байх ёстой.
-Одоо сэдвээ өөрчилье. Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр та ажиллаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрыг олон янзаар муулдаг. Шүүмжилж, гоочилсон нь ч бий. Харин та “Бид үүнийг бүтээсэн” гэж ам бардам чухам юуг онцолж хэлэх вэ?
-Олон алхам, амжилт бий. Иргэдээ орон сууцжуулах 8 хувийн ипотекийн зээл, олон түмнээ сонсох “1111” төв, үйлдвэржилтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн санаачлагууд, орон нутгийг холбосон автозам, “Гудамж” төсөл гээд олон зүйлийг дурдаж болно. 2012 онд Засгийн газар байгуулахад бараг л өнөөдрийнх шиг нөхцөл байдал угтсан. Нэгэнт хөөрчихсөн эдийн засгийг хөрсөн дээр нь буулгахын тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр далайцтай ажилласан. Бидний бүтээн байгуулалтыг элдвээр шүүмжилж болно. Гэхдээ орон нутагт тавьсан зам л гэхэд цаг хугацааг хэмнэж, иргэндээ эдийн засгийн өгөөжийг шууд хүргэсэн ажил болсон. Зам бол хөгжлийн хөдөлгөгч хүч. Замын-Үүдийн зам ашиглалтад орсноор нэг тонн ачааг 550 мянгаар зөөдөг байсан бол 150 мянга болж, хурд, тээвэрлэлт нэмэгдсэн. Эрчим хүчний салбарт цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэхээр дорвитой ажлууд хийсэн. Үүнийг яаж ч үгүйсгэх аргагүй. Энэ жилээс үр дүн нь эхнээсээ харагдаж эхэлсэн.
Бидний хийсэн бас нэг өөрчлөлт бол хүнд суртлыг саармагжуулсан. Иргэдэд үйлчлэх ТҮЦ машин, Замын цагдаагийн цахим торгууль гээд тоочоод байж болно. Үүнийг бид хийсэн гэж бардам хэлэх олон ажил бий. Олон нийт ч мэднэ гэж бодож байна.
-Гэсэн ч та нарыг огцруулсан. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч бас ээдрээтэй байдалд байна. Энэ талаар юу бодож байна вэ?
-Огцруулахын оронд тал талаас нь дэмжээд, хамтраад ажиллах хэрэгтэй. Н.Алтанхуяг, эсвэл Ч.Сайханбилэг гэдэг хүнтэй нь, эсвэл дотод амбийцтайгаа зодолдож цаг алдахын оронд АН-ын Засгийн газар гэдэг утгаараа ардчилагчид бүгд Шийдлийн Засгийн газрын төлөө хамтдаа зүтгэж, ажиллах хэрэгтэй.
-Та найдаж байна гэж хэлсэн. Гэвч таныг шоронд хориход ойрхон болжээ. Хамгийн муугаар асуудал эргэлээ гэхэд гаднаас улс төрийн орогнол хүсэх үү?
-Үгүй. Би эх орондоо үлдэнэ. Гадаадад гарчихаад би Монголын төлөө юу хийж чадах юм. Тэрний оронд хоригдоод, торны цаанаас ч хамаагүй тэмцлээ үргэлжлүүлэх болно. Бидний 25 жилийн турш төлөвшүүлэх гэж зүтгэсэн ардчиллыг АТГ-аар арчуулахыг зөвшөөрөхгүй. Бас АТГ хэрэггүй гэж асуудлыг хурцатган туйлширч, авилгачдад боломж олгомооргүй байна.
-За байз, нэг юм үлдээд байх шиг байна. Хувийн хүсэлт чинь юу юм бэ?
-Нүүрсний гэх энэ хэрэг дээр хөндлөнгийн, өөр аудит оруулах тал дээр анхаарахыг хүсмээр байна. Бас нэг хүсэлт гэвэл татварын шалгалтыг ном дүрмийнх нь дагуу оруулбал үнэн хаана гээгдсэн нь нотлогдоно.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Өнөөдөр Гансүхийн туулсныг хэн ч туулахыг үгүйсгэхгүй. Дөрвөн настай ач маань намайг эмнэлэгт байхад эмээтэйгээ эргэж ирэхдээ “Эмээ, шорон гэдэг чинь энэ юм уу” гэж цангинатал чангаар, хүн цочтол асуугаад уйлсан юм билээ.
Энэ хэлмэгдүүлэлт тийм насны хүүхдийн сэтгэлд тэгж л цочир үлдэж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчид маань айж байна, барьцаалагдаж, дээрэмдүүлж байна. Энэ бидний хүссэн нийгэм юм уу. Бидний мөрөөдсөн ардчилал юм уу?
Миний туулсныг Ц.Элбэгдорж, З.Энхболд, эсвэл хэн нэгэн Дорж, Дулмаа хэн нь ч туулахад бэлэн нөхцөл байдал үүсчихжээ. Тиймээс АТГ-аас Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг салгаж, энэ байгууллагыг хариуцдаг гэх УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо ажлаа хиймээр байна.
Хянаж шалгамаар байна. Эцэст нь хэлэхэд энэ бол АТГ, эсвэл Гансүх гэдэг хүний асуудал биш. Монголын ардчиллын хувь заяа яригдаж байна гэдгийг анхааруулъя.
Сэтгэгдэл (21)