

-Би өнгөрсөн ням гарагт очиж уулзсан. Ерөнхийдөө шөл ууж байна. Харин хуурай хоол идэж чадахгүй байгаа. Эмч нараас биеийн байдлыг нь тодруулахад, тархины хувьд нарийсалттай, маш удаан ус уугаагүй учир цус нь бүлэгнэсэн байгаа. Тиймээс цус харвах магадлал маш өндөр байгаа гэж хэлсэн. Мөн дөрвөн мөч нь цэв мөс. Дээрээс нь явахад маш хүндрэлтэй зөвхөн ойр орчимдоо алхах хэмжээний л байна гэж байсан.
-Салаавч гаргасан бичлэгээ өөрөө үзээд ихэд хямарсан гэсэн. Иргэд ч үүнд нэлээн эгдүүцсэн?
-Анх хальт харах юм бол би ч эгдүүцмээр. Гэхдээ аливаа зүйлд ямар нэг зорилго бий. ШШГЕГ тэр бичлэгийг ямар учраас олон нийтэд дэлгэж байгаа вэ? Ард түмний эсрэг шүү гэж нотлох гээд байгаа юм уу? Гэвч тэр бичлэгт ард түмний эсрэг нэг ч юм яригдаагүй. Мөн тэр бичлэгээс харахад, хажууд нь яваад байгаа харлуулчихсан дүрс хэн байв, яагаад гэнэт уурлаж салаавч гаргах болов? гээд олон асуудал байна. Тэр бүгдийг бүтнээр нь харуулах ёстой. Үнэндээ бодит байдал дээр тэр бичлэгийг хамгийн түрүүнд зохион байгуулалттай бичиж байгаа ШШГЕГ ажилтан, тухайн бичлэгийг гаргах захиалга өгсөн хүмүүст зориулсан салаавч байсан гэж би харсан.
- Гэхдээ тэр бичлэгт Төв аймгаас цагдан хорих 461 дүгээр төв рүү өргүүлээд орсон ч тэндээс Клиникийн эмнэлэг рүү алхаад орсон байдаг. Үүнийг жүжиг гэж хүлээж авах хүн олон байна?
-Энэ чинь нэг өдрийн бичлэг биш шүү дээ. Угаасаа тэр хүмүүс Н.Энхбаяр даргад бид нар таны төлөө яваад байна. Таны төлөө л гуйж байна. Та эрүүл мэндээ бодооч. Та тоног төхөөрөмжтэй эмнэлэгт очооч гэж гуйхад хүн за гэнэ биз дээ. Тэгээд Н.Энхбаяр дарга ойлголцож байна гэж бодоод очтол албадан эмчилгээ шүү гэсэн байгаа юм. Бүр бөгс рүү чинь хоол чихнэ гэсэн байгаа юм. Тэгэхээр хүн уурлана биз дээ. Мөн намын гишүүд болон эхнэр хүүхэд нь манай хүн амьд эсэхийг харуул гэж шаардахад нь Н.Энхбаяр даргыг харуулсан үйлдлээ уулзуулсан мэтээр тайлбарлаж байдаг. Уулзалт байсан юм бол ШШГЕГ-ын хүмүүс гэр бүлийн хүмүүсийн уулзалтын хажууд юу хийж сууж байсан юм. Хэвлэлийн төлөөлөгч хийгээд сууж байсан ШШГЕГ-ийн Л.Хосбаяр гэж нөхөр тэр салаавч өгсөн бичлэг дээр байгаагүй байж, яаж мэдээд тайлбарлаад байгаа юм бэ. Хэвлэлийн нэг ч асуултанд хариулаагүй биз дээ ШШГЕГ-ийн хүмүүс. Ийм л хошин төртэй болсон байна шүү дээ бид.
-Бичлэгүүд мөрдөн байцаалтын нууцад хамаардаггүй юм уу?
-ШШГЕГ бичлэг бол мөрдөн байцаалтанд ямар ч хамаагүй. Тэд зүгээр л тэнд хоригдож буй хүний нэр төрийг гутаах зорилгоор иймэрхүү бичлэг хийж, эвлүүлж тараадаг юм байна гэж би ойлгож байгаа. Тэд тийм л их хүний эрхийг дээдэлдэг юм бол тэр байшингаас унасан хоригдол, амиа хоролсон хүмүүсийн нөхцлийг үзүүлсэн бичлэгийг олон түмэнд ил болгох ёстой. Даанч тэд чадахгүй. Ер нь бол төрийн тусгай албан хаагч нар байж бичлэг хийгээд хэвлэлийн хурал хийгээд байгаа нь энэ байгууллагыг удирдаж буй Ц.Ганхүүг улс төрч хүн тавьсан юм байх гэж хардах сэтгэгдэл надад төрахөд хүргэж байна. Мөрдөн байцаагч нарт “Төв аймгийн цагдан хорих” төвийн дарга Н.Болд зөвшөөрөл өгөөгүй байж хоригдож буй хүний камерт нэвтрүүлж байгаа нь буруу. Хуулиндаа ч уг үйлдлийг хориглосон байдаг юм. АТГ хүмүүс өөрсдөө эд мөрийн баримтыг бэхжүүлэхийн тулд камерын билэг хийсэн гээд байгаа. Тэгээд Н.Энхбаяр дарга эд мөрийн баримт юм уу?
- Түүнийг баривчилсны дараа УИХ-ын гишүүд зарим нь дэмжиж, зарим нь эгдүүцэж байсан?
- Хамгийн гол нь Н.Энхбаяр гэдэг хүнийг дэмжих, дэмжихгүйдээ гол нь биш. Харин хүчирхийллийг дэмжих үү, үгүй юу гэдэг тухай ярих хэрэгтэй.
-Н.Энхбаярын баривчилгаанд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ямар тайлбар хийх бол гэж иргэд хүлээж байсан. Гэтэл ямар тайлбар хийснийг хүн бүр мэдэж байгаа. Энэ талаар таны бодол?
- Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүн Үндэсний аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлж, үүнд санаа зовох ёстой байдаг. Түүнээс биш авилгалын хэрэг, албан тушаалын хэрэгт оролцож байгаа нэрээр хууль шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх шаардлагагүй. Төрийн тэргүүн хүн гадаад нэр хүнд, дотоод нэр хүнд, үндэсний эрх ашиг гурвыг хамгийн түрүүнд тавих ёстой. Түүнээс биш аль нэг хүний эсрэг зохион байгуулалттай байдлаар нэр төрд нь халдсан мэдэгдэл хийгээд байх шаардлага байж болохгүй. Манай төрийн тэргүүн ямар асуудлыг нэгдүгээрт тавиад байгааг та бүхэн сайн ажиглаад байгаарай? Үнэхээр авилгалын асуудал үндэсний аюулгүй байдлын асуудал болсон байна уу? Эсвэл авилгалаас болоод үнэхээр төрийн тусгаар тогтнол алдагдаад байгаа юм уу? Гэхдээ авилгалтай тэмцэж болохгүй гэж байгаа юм биш. Болно. Гэхдээ тэмцдэг байгууллага байгаа. Тэр нь байгууллага нь хараат бусаар тэмцээч ээ гэж хэлмээр байна. Засаг дарга нарын асуудал аваад үзье. Яагаад ганцхан МАН-аас гарсан засаг дарга нарыг шалгаж, яллаад байгаа юм. Ардчилсан намын нөхдүүд юу ч хийхгүй байгаа гэдэгт би хувьдаа итгэхгүй байна? Айлын аав хоёр хүүхдийнхээ нэгийг нь өмөөрөөд нэгийг нь дээрэлхээд байвал муухай биз дээ. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг ямар ч намын харъяалалгүй байх ёстой.
- Бан Ги Мүнтэй утсаар ярьсан тухайд?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Олон улсын эрх зүйн үүднээс хэлэхэд, Бан Ги Мүн гэдэг бол дэлхийн хэмжээний нэгдүгээр хүн. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгч руу ярихад өөдөөс нь Монгол улсын эрх ашгийн төлөө ярих ёстой юм уу? Аль эсвэл Монгол улсад байгаа асуудлаа ярих ёстой юм уу? Монгол улсад зөндөө л асуудал байгаа. Зөвхөн авилгал биш. Монгол улсын эрх ашгийн төлөө ярих ёстой гэдэг үүднээсээ хандаагүйд нь гайхаж байна.
-Н.Энхбаярын нэр дэвших бололцоо бүрдлээ гэхэд яаж сонгуулийн компанит ажлаа явуулах вэ?
- Хуулийнхаа дагуу л явна. Хуулиндаа ял аваагүй тохиолдолд намын листийг бүртгэнэ гэж байгаа. Хамгийн гол нь энийг хуулийнхан маш сайн мэдэж байна. Гэхдээ энэ сарын 24-нд шүүх хурлыг зарлачихлаа. Зургадугаар сарын 4-нд шүүх хурал хийх гэж байна. Ерөөсөө нэг хоёр хоногийн өмнө тавиад байгаа нь сонгуулийн өмнө л ял өгөх гээд байх шиг байна. Хуулиараа эрүүл мэндийн яамнаас гаргасан эмч нарын багийн дүгнэлтээр хэвийн байдалд ортол их хугацаа хэрэгтэй гэж үзсэн. Гэхдээ өөрөө шүүх хуралд орох сонирхолтой байгаа. Шүүх хуралд орно гэдэг чинь хавтаст хэрэгтэйгээ танилцах ёстой. Дээрээс нь энэ бол ганц цагийн хурал болохгүй. Шүүх хурал тасралтгүй явдаг. Тэгэхээр тэр хугацаанд энэ хүний эрүүл мэнд дийлэх үү, мэтгэлцээнд ороод ярьж чадах уу? Энэ бүгдэд эрүүл мэндийн байгууллагууд дүгнэлт өгөх ёстой.
- Компанит ажлыг нь сонирхож байна л даа?
- Н.Энхбаяр даргын хувьд аль ч тойрогт гарах боломжтой. Уг нь Хэнтий, Баянгол, Чингэлтэй тойрогт гаръя гэж байсан. Гэвч эрүүл мэндийн байдал ийм учраас аргагүй эрхэнд листэндээ тавьж байна.
- Та ч гэсэн сонгуульд өрсөлдөж байна. Таны хувьд?
-Хуулийн ажил хийхэд цаг хугацаа их орно. Тэгэхээр надад тойрогт ажиллах цаг алга байна. Уг нь би МАХН-ын дүрмийг боловсруулахад оролцож, улсын бүртгэлд бүртгүүлж байсныхаа хувьд энэ намаар дамжуулан улс төрд оролцох сонирхол байсан. Тэгээд ч Баянзүрх тойрогт нэр дэвшээд сонгуулийн ажлаа эхлүүлэх гэж байтал Н.Энхбаярын даргын баривчилгааны өдрөөс хойш бүх зүйл өөрөөр эргэсэн. Тэгээд л Н.Энхбаяр даргын хувьд ч миний хувьд ч аль аль нь тойрогт өрсөлдөх боломжгүй болчихоод байна. Сонгууль гэдэг чинь өдөр шөнөгүй явах их ажиллагаа шаардах зүйл. Н.Энхбаяр даргын баривчилгаа яалт ч үгүй МАН, АН-аас хийсэн зохион байгуулалттай цохилт. МАН-аас Ц.Нямдорж, АН-аас Ц.Элбэгдорж байна уу гэж би хараад байгаа. Нэг хүнийг баривчлахад гурван цагдаа л хангалттай шүү дээ. 360 цагдаа явуулаад 3 хоногийн хугацаанд мөрдөн байцаагч, прокурор шүүх нь 50 хавтасыг уншаад ял өгнө гэж яваад байгаа нь дэндүү хүчтэй, бас шуурхай байгаа юм биш үү.
-Зарим намуудын хувьд тойрогт нэр дэвшигчдэд мөнгөний босго их нөлөөлсөн юм шиг. Харин танай намын хувьд?
- Манайд мөнгөний босго гэсэн юм байхгүй. Би ерөөсөө энэ мөнгөний босгыг ойлгодоггүй юм. Ний нуугүй хэлэхэд хүний наймаа шиг санагдаад байдаг юм. Өөрийгөө наймаална гэдэг чинь өөрийгөө үнэлж байна гэсэн үг. Зүгээр сайн дураараа намынхаа төлөө тусалъя гэвэл өөр. Учир нь сонгох сонгогдох эрхэнд өнөөдөр цензур байж болохгүй. Та өөрийнхөө эрхийг эдлэхийн тулд мөнгө төлөх хэрэггүй. Хүний наймаа шиг энэ хэлбэрийг би дотроо үгүйсгэдэг.
/24tsag.mn/