зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: АН оролцохгүй болохоор засаг унагах санаархал газар авахгүй

2015-10-16
0
ЖИРГЭХ


 

 

 

"Ардын эрх" сонин анхны дугаарынхаа "Онцлох зочин"-оор УИХ-ын дарга З.Энхболдыг урилаа.

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан Танд баярлалаа. Та бид хоёр улсын төсөв хэлэлцэж байгаа үед уулзаж байгаа учраас ярилцлагаа энэ сэдвээс эхэлье. Нэг жилийн өмнө таны алх цохиж баталсан 2015 оны төсвийг УИХ одоо, бараг оны эцэст нэг их наяд орчим төгрөгөөр тодотгох гээд хэлэлцэж байна. Энэ нь анхнаасаа Засгийн газрын төлөвлөлт буруу байсных уу, эсвэл УИХ-ын гишүүд өргөн барьсан төсвийг танигдахын аргагүй өөрчилдгийн горыг дахиад бүгдээрээ амсч байна уу?

 

-Тодотголын тухайд 2015 оны төсвийг УИХ оруулж ирснээр нь биш, 500 орчим тэрбум төгрөгөөр нэмж баталсан. Тэгэхээр Засгийн газар нэг их наядаар бус, 500 орчим тэрбум төгрөгөөр тооцоогоо алдаж хийжээ гэсэн үг. Нэг ёсондоо төлөвлөлтийн алдаа. Бас УИХ-ын ч буруу бий. Яагаад гэвэл, Засгийн газрын оруулж ирсэн төсвийг УИХ-ын гишүүд санал гаргаж хэлэлцүүлгийн явцад ойролцоогоор 500 тэрбум төгрөгөөр нэмээд баталчихсан. Ер нь бол дэлхийн зах зээл дээр манай улсын гаргадаг бүх түүхий эдийн үнэ багадаа 30 хувь, ихдээ гурав дахин буюу 300 хувиар уначихлаа ш дээ. Тийм үед төсвийн төлөвлөлтийг хэт өөдрөгөөр хийж болохгүй, консерватив маягаар хий гэдэг л дохио өгч байна.

 

-Тэгвэл ирэх оны төсөв ямархуу байдалтай орж ирсэн бэ. Ерөнхий сайдын, Сангийн сайдын хэлсэн шиг хөрсөн дээрээ буусан төсөв болж чадаж байна уу?

 

-Засгийн газар анх удаа л хөрсөн дээрээ буусан төсөв өргөн барилаа.

Сангийн сайд шинэ хүн болоод ч тэр үү шинээр харж байх шиг байна. Өмнө нь бид төсвөө алдагдалтай баталж, тэр хэмжээгээрээ Монголын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрийг Засгийн газар дангаараа дайчилж авдаг байсан. Энэ практикаасаа татгалзсан агуулгатай төсөв өргөн барьсан болохоор дэмжинэ. Хэцүү ч гэсэн цомхотгол, цалингийн хасалт бас хийгдэнэ. Гэхдээ дарга нарын цалинг хасахаас биш эмч, багш, цагдаа нарын цалинд гар хүрэхгүй. Ийм юм хийхээс ч өөр аргагүй болж байна. Бас агентлагуудыг хооронд нь нэгтгэх, нийлүүлэх, ирэх оны дундаас есөн яамтай ажиллах гэх мэт олон зүйл төлөвлөсөн. Ер нь сүүлийн арван жилд төсөв ойролцоогоор арав дахин тэлчихсэн. Уг нь бид одоогийнхоос арав дахин бага төсвөөр амьдарч болоод л байсан. 2004 оны төсвийг харахад одоогийнхоос арав дахин бага байгаа. Тийм тохиолдолд буцаад хоёр, гурван жилийнхээ өмнөх орлого руу шилжиж цомхотгол хийх нь боломжийн гэж харсан. Шинээр  авч байгаа “Лексус” машиныг одоо больё л доо. Ганцхан Үндсэн хуулийн Цэц ч аваагүй юм байна лээ. Булган аймгийн Засаг дарга ч бас авсан байсан. Ийм маягийн тансаг хэрэглээг танах хэрэгтэй. Энэ дарга нар нэг жил “Лексус” машин унахгүй явж болно биз дээ. Тийм учраас нөөц бол их байгаа. Хасалт, таналт хийх хэрэгтэй. Ямар орлого олж байна, түүндээ тааруулж амьдрах л хэрэгтэй.

 

-Хэдэн хүний цалинг хассанаар, бас машин тэрэг авахаа больсноор төсөвт ирэх ачаалал бодитой хөнгөрөх үү?

 

-Эдийн засгийн хамгийн гол агуулгыг нь хэлье. Монголын бүх банкны мөнгийг Засгийн газар алдагдлаа санхүүжүүлэх гэж зээлж аваад байхаар хувийн хэвшилдээ зээл өгөх орон зай нь үлдэхгүй байгаа юм. Засгийн газар, УИХ төсвөө алдагдалгүй баталчих юм бол банк, санхүүгийн зах зээлээс зээлж авдаг 1-2 их наяд төгрөг суларчихна. Харин төсөв хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Ямар орлого олно түүгээрээ амьдарна. Хувийн хэвшил 1-2 их наяд төгрөг зээлээр авах бололцоотой болчихож байгаа. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг л ийм төсөв оруулж ирсэн. УИХ аль болохоор оруулж ирсэн тоонд нь багтааж 2016 оны төсвийг батлах хэрэгтэй. Дотор нь бол мэдээж өөрчлөлт хийж болно.

 

-Дотор нь өөрчлөлт хийгээд ирэхээр л нөгөө бодлого алдагдахгүй юу?

 

-Тэр хайрцагласан тоон дотор нь багтаагаад ямар ч өөрчлөлт хийж болно ш дээ. Жишээ нь, Ховд аймгийн 200 сая төгрөгийн өртөгтэй төрийн далбааны хөрөнгө оруулалтыг хасах хэрэгтэй. Тийм төрийн далбаагүйгээр амьдарч болно. Бид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хажууд энийг хийж үзсэн ш дээ. Тэр том далбаа чинь гуравхан сар намираад л элэгдчихдэг юм билээ. Сүүлдээ Хан-Уул дүүрэг мөнгийг нь даахгүй болохоор нөгөө далбаагаа буулгачихсан. Иймэрхүү утга учиргүй зүйлд мөнгө зарцуулахаа УИХ болих хэрэгтэй. Больж чадсан тохиолдолд нөөц хөрөнгө бий болно.

 

-Татвар нэмэх чиглэлд УИХ ямархуу бодлого барьж байгаа вэ. Гадуур бол төр мөнгөгүй болохоороо иргэдийнхээ халаас руу гар дүрэх нь гэсэн шүүмжлэл их байна. Үнэхээр тийм татвар нэмэх бодитой саналууд бий юү?

 

-Татвар нэмчихсэн асуудал байхгүй. Нийслэл хотын татвараас өөрөөр бол УИХ ямар ч татвар нэмээгүй л дээ. Тэр бол архи уудаг, тамхи татдаг, зочид буудалд хонодог гуравхан төрлийн үйлчилгээн дээр л авч байгаа ганцхан хувийн татвар. “Ерөөл” архи 10000 төгрөгийн үнэтэй гэж бодоход 100 төгрөг нэмэгдэнэ. Үнэтэй тамхийг оруулахгүйгээр хүн болгоны татдаг тамхи 4000 орчим төгрөг байгаа гэвэл нэг хувь нь 40 төгрөг. Энэ 100 төгрөг, 40 төгрөгийг төлөхгүй харамлаад байгаа бол Төв аймгийн төвөөс очиж архи, тамхи авч болно л доо. Машинаа унаж очоод л авчих. Эсвэл архи уухаа, тамхи татахаа больчих хэрэгтэй. Архи, тамхи бол хүний амин чухал хэрэгцээ биш байхгүй юу. Гаднаас ирж байгаа зочид бол яах аргагүй энэ татварыг төлж байгаа. Зочид буудлын үнэ дээр нэмэгдэж байгаа болохоор тэр. Магадгүй энэ л жинхэнэ ачаалал болж байгаа. Бусдаар бол УИХ татвар нэмээгүй. Харин төсөв хэлэлцэх үед гишүүдийн зүгээс ерөөсөө цомхотгол хийхийн оронд архи, тамхины татварыг нэмье гэсэн санаанууд гарч ирсэн. Тэрийг төсөв хэлэлцэх үед шийдэхээс биш одоо нэмнэ, нэмэхгүй гэж хэлэхэд хэцүү л дээ.

 

-Цалин хасахтай холбоотой дахиад тодруулахад, МАН-ын бүлгийнхэн төрийн алба хэтэрхий данхайчихсан бүтэцтэй болсон нь өнөөдрийн хүндрэлийн эхлэл гээд байгаа. Төрийн албан хаагчдынх нь цалин нэмэгдээгүй хэрнээ цалингийн сан нь өсөөд байгааг өөрөөр юу ч гэж тайлбарлах билээ?

 

-Орон тоо бол нэмэгдэнэ, гарцаагүй. Яагаад гэвэл хүн ам өсч байгаа учраас энэ өсөлтөө дагаад нэмэгдэхээс өөр аргагүй. Бид 1990 онд хоёр сая хүнтэй байсан бол одоо гурван саяулаа болсон. Сүүлийн 25 жилд нэг сая хүн нэмэгджээ гэсэн үг. Тэгэхээр дагаад сургууль нэмэгдэнэ, эмнэлэг нэмэгдэнэ, цэцэрлэг нэмэгдэнэ. Ер нь төрийн захиргааны албан хаагчдын тоо тогтвортой байдаг юм ш дээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо л нэмэгдээд байдаг юм.

 

-Төрийн захиргааны албан хаагчид нэг ч нэмэгдээгүй гэж үү?

 

-Нэмэгдсэн, нэмэгдсэн. Сүүлд л гэхэд УИХ хууль гаргаж Боомтын захиргаа гэдэг ч юм уу төрийн захиргааны орон тоог нэмсэн. Тэдний орон тоо бол хэдэн мянгаар тоологдохгүй л дээ. Тэглээ ч гэсэн төрийн захиргааны албан хаагчдын орон тоог цомхотгож, ажлын давхардлыг нь арилгана. Жишээ нь, адилхан орлого оруулдаг Гааль, Татвар хоёр нэгдэхэд гайхах юм байхгүй биз дээ. Төрийн өмчөө үндсэндээ хувьчлаад дууссан учраас Төрийн өмчийн хороог татан буулгая гэх мэт хэмнэлтийн саналууд орж ирсэн. Тэр болгоныг УИХ дэмжээд гаргах нь зүйтэй.

 

Энд анхаарах ёстой нэг юм нь төрийн захиргааны орон тоо нэмэгдээгүй ч гэсэн барилга байшингийн тоо эрс нэмэгдсэн байгаа юм. Жишээ нь, аймгийн төвд очоод үзэхэд хуучин аймгийн захиргааны байшинд багтаад болж байсан аймгийн татварын алба, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналт гээд бүгд өөр, өөрийн тусдаа байшин бариад гарчихсан байгаа юм. Энэ чинь дахиад л зардал ш дээ. Тэр байшингийн манаач байна, галч байна, тэдний цалин гээд зардал нэмэгддэг. Гэх мэтчилэн байшин, барилгатай холбогдуулан орон тоо нэмэгдсэн юмнууд бий. Тэгэхээр одоо буцаж аймгийн захиргааны харьяа агентлагууд нь хуучин шигээ Тамгын газрынхаа байранд төвлөрөөд, шинээр барьсан байшингуудаа дуудлагаар зарж мөнгөө олж авах хэрэгтэй л дээ. Ингэж хязгаарлаж өгөхгүй болохоор мөнгөтэй болохын хэрээр тэлчихсэн энэ их төсвийг чинь орлого нь гүйцэхээ больчихоод байгаа юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж товчхон хэлээд байгаагийн учир бол ямар орлого олж байна түүндээ таарч амьдар л гэсэн үг. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлгээ цомхотгож болохгүй учраас хэн цомхотголд өртөх вэ гэхээр төрийн захиргаа, төрийн тусгай хүмүүсээ багасгана. Бас агентлагуудыг цөөлнө.

 

-Орон тоо цомхотгож, цалин хэмнэх асуудлаар та УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ ИТХ-ын тэргүүлэгчдийн урамшууллыг зогсоох ёстой гэсэн байна. Энэ асуудал яаж шийдэгдэж байгаа вэ?

 

-ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг болих л хэрэгтэй. Тэр хүмүүс бол төрийн албан хаагчид биш. Тийм учраас төрөөс цалин, урамшуулал авч болохгүй. Иргэдээ төлөөлөөд сайн дураараа цалингүй ажилладаг хүмүүс учраас Үндсэн хуульд заасан тэр ажлаа л хийх хэрэгтэй. Өөр юу гэхэв. 

 

-Агентлагуудыг нэгтгэх шийдэл зарим талаар шүүмжлэл дагуулж эхэллээ л дээ. Жишээ нь, УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний статистикийн хороог Засгийн газрын агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх нь хэр оновчтой шийдэл вэ?

 

-Шүүмжлэхгүй юм ерөөсөө байхгүй ш дээ. Тал талаас нь ярьж байж л шийднэ. Статистик бол 1990 оноос өмнө Засгийн газрын харьяа байгууллага байсан. Хүмүүс энэ салбарын шагналыг нь харсан бол “Статистик, бүртгэлийн тэргүүний ажилтан” гэсэн тэмдэг бий. Хорин хэдэн оноос 1990 он хүртэл Засгийн газрын л мэдлийн байгууллага байсан байгаа юм. Яагаад ч юм 1990 онд статистикийн мэдээг Засгийн газар өөртөө тааруулж буруу, зөв гаргаад байна гээд УИХ-ын харьяа байгууллага болгочихсон. УИХ-ын харьяанд байх ёстой, ёсгүй гэдэг маргаан бол гуравдугаар зэргийн асуудал байх ёстой. Хамгийн гол нь статистикийн байгууллага сумын төвшинд хүрсэн өөрийн гэсэн хүнгүй байхгүй юу. Сумын төвшинд хүрсэн хүнгүй учраас нэг хүн хавсарч ажилладаг, тэгээд цалингийн 20 хувийн нэмэлт авдаг. Нөгөө хүн бол статистикийн мэдээг буруу гаргах магадлал их өндөр байгаа юм. Харин энэ хоёр байгууллага нэгдсэнээр Статистик, бүртгэлийн байгууллага гэдэг нэртэй болно. Сумын төвшинд хүртэл ажиллаж байгаа бүртгэлийн хүн статистикийн мэдээг үнэн зөв гаргаж өгдөг болж байгаа юм. Жинхэнэ утгаараа ажиллах боломжтой болно гэсэн үг. Давхардлаа арилгахаар дарга, нягтлангууд нь халагдах байх л даа. Ингэж давхардал арилгаж, байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа нь өөрөө ямар нэгэн хүн нэмж авахгүйгээр хоёр байгууллага нэгдэж, илүү сайн ажил гүйцэтгэх чадвартай болж байгаа юм ш дээ. Мэдээж ийм юмыг одоо тус, тусдаа байгаа, сайхан амьдарч байгаа, өөр өөрийн байшинтай, унаа тэрэгтэй улсууд эсэргүүцэх л байх. Гэхдээ ямар орлого олж байна, тэрэндээ таарч амьдрахаас өөр аргагүй болсон. Хүссэн хүсээгүй зайлшгүй тооцох зүйл нь энэ. Бодит байдал тийм болчихсон. Түүнээс дарга нар нь миний найз байгаа юм, тэрний байгууллагыг татан буулгуулахгүй гэдэг байдлаар асуудалд хандвал ерөөсөө энэ данхайчихсан байгууллагууд улам данхайхаас буцаад хумигдахгүй.

 

-Ингэж агентлагуудыг нэгтгэснээр ирэх оны төсөв дээр хэдэн төгрөгийн хэмнэлт гарч байгаа вэ. Бас хэдэн орон тоо цомхотгох вэ. Ямархуу тооцоо хийсэн байгаа бол?

 

-Цалингийн сан буурч байгаатай холбоотойгоор байгууллагууд өөрсдөө сонголт хийнэ. Тэр нь юу гэхээр цалингийнхаа санд тааруулж цомхотгол явуулах уу, эсвэл байгаа хүмүүсийнхээ цалинг бууруулах уу гэдэг эрх чөлөөг тухайн байгууллагад өгөх хэрэгтэй гэж бодсон. Түүнээс УИХ хэдэн мянган хүн цомхотгоно гэдэг шийдвэр гаргахгүй. Бид ердөө цалингийн сангийн өсөлтийг л хязгаарлаж байгаа юм. Норм норматив байдгаараа байна, хэвэндээ үргэлжилнэ. Нэг багш 30 хүүхдэд хичээл заах ёстой бол тэрийгээ барина. Төр бол багш, эмч, сувилагч, жирийн эргүүлийн цагдааг цомхотгох тухай огт яриагүй. Тэдний цалингийн сан хөндөгдөхгүй. Харин дарга, орлогч, зөвлөх гээд цомхотгож болох орон тоог УИХ зааж өгч байгаа. Цалингийн сангийн хэмнэлт бол төрийн захиргаа, төрийн улс төр, төрийн тусгай албан хаагчид дээр 30 хувь гарна. Түүнтэйгээ холбогдсон цомхотгол явах нь тодорхой.

 

-Эдийн засаг муудчихсан, хямралтай байгаа энэ үед хүмүүсийг шууд цомхотгох нь зөв үү?

 

-Тэр хүмүүсийг зүгээр л гудамжинд гаргачихгүй. Дахин ажил эрхлэх боломж олгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Тэгээд ч төрийн захиргаа, төрийн тусгай албанд ажиллаж байсан хүмүүс ажил олоод хийх бүрэн чадвартай гэж бодож байна. Хувийн хэвшилд очоод ажиллаж болно ш дээ. Хувийн хэвшилд хоёр их наяд төгрөгийн зээлийн боломж олгоно гэдэг бол тэр хэмжээгээр бизнес эрхлэх боломж нэмэгдэнэ гэсэн үг.

 

Ер нь бол төрөөс заавал орон тоо гаргаж хийх шаардлагагүй олон ажил дээр бид баахан орон тоо үүсгэсэн байгаа юм. Юу гэдэг юм, жишээ татъя л даа. Тужийн нарсыг хамгаалах захиргаа гээд байгуулчихсан. Бодвол тэнд орон тоотой, цалинтай, машин унаатай байдаг байх, би сайн мэдэхгүй юм. Гэхдээ л иймэрхүү нэгжүүд байгуулчихдаг. Гэтэл Засгийн газрын гол бодлого нь юу байдаг гэхээр Тужийн нарсыг хамгаалах болохоос тэнд хэдэн хүн ажилд оруулах бодлого байж болохгүй. Мэдээж Тужийн нарсыг хамгаалах төсөв бол байна. Энэ төсвөөс та хэд яаж ажиллахаа өөрөө мэд. Гол нь ажил, үйлчилгээгээ худалдаж авъя. Түүнээс даргатай, нягтлантай, машинтай, цэвэрлэгчтэй ийм байгууллага байх нь өөрөө Засгийн газрын зорилго биш байхгүй юу. Энэ маягаар төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг өөрчилнө. Бас нэг жишээ хэлэхэд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал байна. Шударга өрсөлдөөний газрыг байгуулахдаа дээр нь хэрэглэгчийн гэдэг үг нэмээд хуульчилсан. Үүнээс үүдээд юу болсон гэхээр өмнө нь үнэ төлбөргүйгээр, эсвэл маш бага мөнгөөр улс даяар, сум болгонд өөрийн бүтэцтэй төрийн бус байгууллагын хийгээд явж байсан ажлыг төр булааж аваад агентлаг байгуулчихсан. Энэ ажлаа буцааж өгөх юм бол ШӨХТГ-ын 100 сая төгрөгөөр хийдэг зүйлийг хэрэглэгчийн төлөө төрийн бус байгууллага 50 сая төгрөгөөр хийчих юм. Тэр хүмүүс тогтмол цалин авахгүй, гэхдээ дэлгүүр хоршоогоор ороод хэрэглэгчийн эрх ашиг зөрчиж байгаа юмыг гар утсаараа ч юм уу баримтжуулаад авчихна. Хуучин бол тэр хүмүүс бараг л улсын байцаагчийн эрхтэй байсан ш дээ. Актаа тавиад явчихдаг байсан юмыг бид хүндрүүлээд агентлаг болгож, дарга цэрэг томилоод л, машин тэрэг авч өгөөд л, оффис бариад байсан нь өөрөө буруу болж байгаа юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь төрийн хийх ёстой ажил мөн үү мөн. Гэхдээ тэрийгээ яаж хямд зардлаар хийх вэ гэдэг менежментийн л асуудал ш дээ. Энэ маягаар Засгийн газрын зарцуулж байгаа мөнгөнд бид зарлагын том реформ хийх ёстой. Энэ удаагийн тодотгол, төсөв хоёр бол зарлагын реформын эхлэл.  Аль болох олон ажлыг хувийн хэвшил рүү, эсвэл төрийн бус байгууллага руу шилжүүлээд гэрээний үндсэн дээр явах нь өөрөө төсөв хэмнэх үндсэн зорилт. Дараа нь орлого оллоо гээд бодоход бид зөвхөн Тужийн нарсыг хамгаалах мөнгөө л нэмж өгнө. Эсвэл хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагад л мөнгө нэмж өгнө. Харин орон тоо нэмэгдэхгүй. Ингэж орон тооны хязгаар шугам татъя гэж байгаа юм. Үүнээс хойш энэ асуудлаар улсын төсөв дээр орон тоо нэмэхгүй. Тужийн нарсыг хамгаалахад 50 сая төгрөг өгч байгаа бол дараа нь мөнгөтэй үедээ 100 сая төгрөг болгоод өгчихнө. Тэгээд ойжуулах талбай нь 100 га байсан бол 200 га болгох л асуудал юм. Ийм маягаар уян хатан ажиллах нь өөрөө төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх алхам. Гэхдээ бас төрийн албан хаагчдын орон тоо үргэлж нэмэгдэнэ. Хүн амын тоо өсөхийн хэрээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоо үргэлж нэмэгдэж л таарна ш дээ.

 

-2016 он онцлогтой. Сонгуулийн жилийн төсөв дээр энэ бүх реформыг эхлүүлэх бололцоо бий юү. Улстөрчид, улс төрийн намууд сонгуулиа нэгдүгээрт тавихгүй юу?

 

-Би 2012 оны төсвийг 2011 онд баталсан үеийг тод санаж байна. Тэр үеийн МАН-ынхан байхгүй орлогыг нэмж бичээд худлаа төсөв баталсан л даа. Тэрний гайг нь 2012 онд сонгуульд ялсан АН л үүрсэн. Тийм алдаа хийхгүйн тулд АН сонгуулиа бодохгүйгээр төсвийг хатуу сахилга баттай оруулж ирсэн. Дөрвөн жил тутам сонгуулийн жилийн төсөв худлаа байдаг. Дандаа байхгүй орлогыг нэмж бичдэг. Одоо бид бол байхгүй орлогыг хүлээн зөвшөөрье, хасалт таналтаа хийе гэсэн. Ингэхгүй бол улсын эдийн засаг болохоо байлаа, санхүүгийн байдал хүндэрлээ. 2016 оноос бүх төрлийн түүхий эдийн үнэ өсөх гэж байна. Угаасаа түүхий эдийн үнэ чинь өсч, буурч байдаг графиктай. 2016 оноос график чинь дээшээ явах гэж байгаа. Гэхдээ Монгол Улс түрүүнд гаргасан алдаагаа давтах ёсгүй. Түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцээд төсвийнхөө орлого, зарлагыг бүгдийг нэмээд байсан. Одоо үнэ буурахаар бид хасч байна. Дахиж түүхий эдийн үнэ өснө. Гэхдээ бид тэр үед төсвийнхөө орлого, зарлагыг нэмж болохгүй. Энэ чигээр нь гацаахгүй бол болохгүй гэдэг сургамжийг улсаараа авлаа шүү дээ. Тийм учраас байж болох бүхий л ажлыг гэрээгээр өгнө. Энэ нь нөгөө талдаа бас ажлын байр үүсгэж байгаа. Тужийн нарсыг хамгаалах захиргааг бид татан буулгахгүй. Тэр хүмүүст үйл ажиллагааны зардлаа өгдгөөрөө л өгнө. Их, бага байх уу гэдэг нь өөрөө төсвийн боломжийн асуудал. Боломжтой бол Тужийн нарсаа томруулаад л яваад байна. Боломжгүй бол хамгаалалтад нь бага мөнгө зарцуулна л гэсэн үг.

 

-2016 оны төсвийг үнэн байлгах зайлшгүй нэг шаардлага бол ирэх жилээс нь төлж эхлэх бондын өрүүд байгаа ш дээ.

 

-Би бол бондод санаа зовохгүй байгаа. Бид дэлхийн бусад улс яаж ажиллаж, амьдарч байна, тэр жишгээр амьдрах хэрэгтэй. Дэлхийн бүх улс тасралтгүй бонд гаргаж байна. Бид 500 сая долларын бонд гаргачихаад тасалчихаж байгаа нь буруу байгаа юм. Энэ чинь зээлийн рейтингийн асуудал болохоос өөр юу ч биш. Бид 2017 оныхоо бондыг шинэ бонд гаргах замаар үргэлжлүүлээд явж болж байна. Японы Засгийн газар тасралтгүй бонд гаргаж байна ш дээ. Америк ч адилхан. Өдөр болгон арилжаанд ордог. Аль алийнх нь ДНБ-д эзлэх зээлийн хэмжээ нь дандаа 100 хувиас дээш байгаа. Бүр 140-тэй ч улс бий. Манайх бол 56, 57 хувь гэж маргаад байгаа болохоос өндөр өртэй улсуудтай харьцуулахад маш бага зээлтэй яваа. Бид бас зээл авахгүйгээр амьдарч болно л доо. Монгол Улс 90 жил зээл авахгүйгээр амьдарсан. Энэ хугацаанд долоо, наймхан аймгийг нийслэлтэй засмал замаар холбосон. 2012 онд АН-ыг сонгуульд ялах хүртэл шүү дээ. Харин “Чингис” бонд гэдэг юмыг зээлээд гурван жилийн дотор есөн аймгийг холболоо. Хэрвээ бид зээл аваагүй бол аймгууд чинь холбогдохгүй, дахиад 90 жил хүлээх байлаа. Урд талын 90 жилийн ажлыг гуравхан жилд хийгээд дуусгачихлаа. Зээл авах хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгийг Монголын ард түмэн сонгочихсон ш дээ. Бүх аймгийг засмал замаар холбоно гэсэн АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжээд сонгочихсон. Төсвөөр энэ замыг барьж чадахгүйгээс хойш зээл авахаас өөр аргагүй. Нэг жилийн өмнө ч гэсэн, нэг сарын өмнө ч гэсэн засмал замаар аймгийн төвүүд холбогдох нь өөрөө Монголд хэрэгтэй. Хүмүүс бизнес хийгээд, Ховдод тарьсан тарвас засмал замаар Улаанбаатарт ирэх юм бол хагарахгүй. Ховдын тарвас Улаанбаатарт ирж чадахгүй учраас тэр тарвас тарьдаг хүн ажилгүй, орлогогүй байгаад байдаг. Гэтэл бид Эрээнээс вагонаар тарвас авч идээд сууж байна ш дээ. Эрээнд тарвас тарьдаг хүнийг санхүүжүүлэх үү, Ховдод тарвас тарьдаг хүнийг санхүүжүүлэх үү гэдэг нь Улаанбаатарын хэрэглэгчид зам харилцаагүйгээс болоод болохгүй л байсан байхгүй юу. Иймээс бүх аймгийн төвийг холбох нь чухал зорилт. Энэ нь өөрөө бүх газарт бизнесийг идэвхжүүлж байгаа. Ирээдүйн татвар төлөгчдийг бий болгож байгаа юм. Ховдын тарвас тарьдаг Дорж бол хоёр жилийн дараа улсад татвар төлдөг хэмжээнд компани нь томроод ирнэ. Ийм мэтээр АН зээл авч улс орныхоо хөгжлийг урагшуулж байгаа.

 

-Гол нь зээлээ яаж төлөх юм бэ?

 

-Улаанбаатар Ховдыг холбосон засмал зам таван жилдээ үр дүнгээ өгөхгүй. Тэгэхээр бид зээлээ дахин 15 жилээр сунгах юм бол 15 жилийн дараа Ховдын тарвасны бизнес чинь томроод явчихна. Засмал зам өөрөө маш том боломжийг маш олон компанид олгоно. Энэ мэтээр зээл авахаас өөр аргагүй. Монгол Улсад баялаг байна. Үнэ нь гурван жил унасан, одоо буцаад өсч байна. Энэ бүх баялгийг мөнгө болгож, хөгжил болгож хувиргах механизм нь өөрөө Засгийн газрын бонд байгаа юм. Тийм учраас 2017 оны бондын хугацааг бид сунгаад л явна. Дэлхийн бүх улс ингэж  явж байгаа. Бондоос бид 1055 үйлдвэрт 6-8 хувийн хүүтэй үйлдвэрлэлийг дэмжих зээл олгосон. Бондын мөнгөний нэлээд их хэсэг нь засмал зам, аймгийн төвийн 1000 айлын орон сууцны дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан сүлжээ болсон. Нэг хэсэг нь бол зээл болсон. Энэ компаниуд бүгд ажиллаж эхэлсэн. Дахиад таван жилийн дараа мөнгөө төлнө, гэрээ нь тийм юм. Нэг их наяд орчим төгрөг бол буцаж төлөгдөх мөнгө. Нөгөө орон сууцанд оруулсан мөнгө бол 1000 айлд зарагдаад дууслаа буцаагаад төлөгдөнө. Замд оруулсан мөнгө бол 10, 15 жилээр улсын төсөв өөрөө төлөхөөс өөр аргагүй. Бүх газар замтай болчихоор бүх газар бизнес хөгжиж, тэдний төлсөн татвар улсын төсөвт орж ирнэ. Тэрүүгээр төлөхөөс өөр аргагүй. Бондын мөнгө яаж төлөгдөх юм гэсэн асуултын хариу ийм.

 

-Тэгэхээр бондыг дахин бонд гаргаж төлнө гэсэн үг үү?

 

-Ер нь бол бондыг бондоор төлөөд явна. Гэхдээ энэ хооронд бид замын мөнгийг 15 жилийн дараа төлж болно. Замд оруулсан мөнгө удаан хугацаанд төлөгддөг. Компаниудад өгсөн зээл бол таван жилийн дараа төлөгдөнө. Орон сууцны зээл найман хувийн зээлээр байр зарагдмагц төлөгдөнө. Хугацаанууд нь өөр өөр юм. Ер нь бонд бол зээл учраас төлөгдөж л таарна. Бондын төлөх, шинээр бонд гаргах бүх процесс тасралтгүй явах нь л чухал болохоос айгаад, сандраад зээл авахаа зогсоочих юм бол энэ чинь өөрөө санхүүгийн үйл ажиллагаа биш болчихно.

 

-Өр тавьж явахын оронд томоохон мега төслүүдээ хөдөлгөе гэх хэсэг байна. Жишээ нь, Тавантолгой дээр байдал ямар байна вэ. Хаврын чуулганаар Засгийн газар төслөө татсанаас хойш шийдэгдсэн юм байна уу?

 

-Тавантолгой маш ойлгомжтой. Тэр бол маш хариуцлагагүй төсөл оруулж ирсэн. Засгийн газар өөрөө ойлгосон. Ялангуяа Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан бол Монголын ард түмний баялаг болсон Тавантолгойг хоёрхон хувийн төлбөртэйгөөр 60 жилээр өгөхөө шахлаа ш дээ. Энэ бол Үндсэн хуулиар болон бусад хуулиар хориотой зүйл. Том төслүүдээ хөдөлгөе гэдэг далбаан дор ийм юм хийж болохгүй. Үүнийг УИХ-ын удирдлага авч үлдсэн. Би болоод манай гурван дэд дарга гарын үсэг зураад ийм байж болохгүй ээ, наад юмаа хуульд нийцүүл гэсэн. Одоо хуульдаа хэрхэн нийцүүлж оруулж ирэхийг л хүлээж байгаа. Тавантолгой бол эрчим хүчний нүүрсний орд биш. Коксжих нүүрс гэдэг бол ач холбогдлоо алдаж байгаа эрчим хүчний нүүрснээс өөр учраас үргэлж үнэ цэнэтэй хэвээрээ л байна. Нэг жил, хоёр жилийн нүүрсний үнийн уналтаас болоод 100 жил, 200 жил зарж идэх нүүрсээ бид үнэгүй өгчихөж болохгүй л дээ. Монгол Улсад Өмч хувьчлалын хууль гэж бий. Хэрвээ 60 жилээр өгч байгаа бол мөнгийг нь төлөөд авах хэрэгтэй л дээ. Үнэгүй авч болохгүй байхгүй юу. Урд нь Ухаа худагийг нь үнэгүй өгчихсөн учраас дахиж үнэгүй авч болно гэж бодоод байх шиг байгаа юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийчихсэн ордыг бол дуудлага худалдаагаар зарах ёстой.

 

Сая Австралид “Рио Тинто” 600 сая тоннын нөөцтэй ажиллаж байгаа нүүрсний уурхайгаа “Шиньхуа”-д 1.8 тэрбум ам.доллараар зарлаа л даа. Эрчим хүчний нүүрсний ордоо шүү дээ. Газар дор байгаа нүүрсээ гурван ам.доллараар үнэлж байна гэсэн үг. Манайхаас ялгаатай нь далайн эргээс 200 км зайтай ажиллаж байгаа техниктэй, орлоготой ийм л уурхай. Хаа байсан Австралид 600 сая тонн нөөцтэй эрчим хүчний нүүрсний орд 1.8 тэрбум ам.доллараар лиценз нь зарагдаж байхад манай 6.7 тэрбум тонн нөөцтэй коксжих нүүрсний орд үнэгүй 60 жилээр очиж болохгүй. Авмаар байгаа бол мөнгөө л төл. Коксжих нүүрс гээд бодоход л гурван ам.доллараас дээгүүр үнэлэгдэх ёстой л доо. Зах зээлээсээ 200 км зайтай байна. Ядаж л гурван ам.доллараар үнэлэхэд 20 орчим тэрбум ам.доллараар лицензээ зарж болох ийм л орд. 20 тэрбум ам.долларын баялгийг үнэгүй өгөх төсөл оруулж ирсэн учраас хууль зөрчиж байна гээд байгаа юм.

 

-Одоо явц нь ямар байгаа юм бол. Засгийн газар танд Тавантолгойн гэрээний төслийн талаар мэдээлэл өгсөн үү?

 

-Бид нарт “Шиньхуа”-тай гэрээгээ үргэлжлүүлж байна гэдэг л мэдээлэл байна. Өөр мэдээлэл байхгүй. Ер нь бол Тавантолгойн нүүрсний уурхай урагшаа тавьсан төмөр зам, зүүн тийшээ тавьсан төмөр замгүйгээр дэлхийн зах зээл рүү бараа бүтээгдэхүүн нь гарахгүй ш дээ. Төмөр зам нь байхгүй байхад хөдөлгөөнд оруулна гэж яриад байгаа улсууд маш их алдагдалтайгаар л хөдөлгөөнд оруулна. Төмөр замтай болсны дараа бол газар дор байгаа нүүрсний үнэ гурван ам.доллаар тогтохгүй ш дээ. Хэзээ яаж Тавантолгойгоо хөдөлгөөнд оруулах уу гэдэг нь л чухал болохоос хамгийн муу үед нь үнэгүй бэлэглэнэ гэдэг бол байж болохгүй. Наадах чинь Монголын ард түмний өмч учраас ганц М.Энхсайхан гэдэг сайд мэдээд шийдчихдэг байж болохгүй ш дээ.

 

-Тэгвэл Оюутолгой тойрсон үл ойлголцол дээр та юу хэлэх вэ?

 

-Оюутолгой ямар ч асуудалгүй гэдгийг та бүхэн харсан байх. Одоо Монголын Засгийн газар үүрэггүй. Цэвэр “Рио Тинто”-гийн үүрэг л үлдсэн. Тэд үүргээ гүйцэтгээд хурдан далд уурхайгаа ажилд оруулах хэрэгтэй. Өртөг нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Үүнээс болж манай ногдол ашиг авах хугацаа дахиад 10 гаруй жилээр хойшилж байгаа.

 

-“Дубайн гэрээ” хууль зөрчсөн, зөрчөөгүй, тэр нь гэрээ юү, төлөвлөгөө юү гэсэн янз бүрийн маргаан гарч байна. Та хагалж чадах уу?

 

-Яахав зөрчсөн гэж бодож байгаа гишүүд чуулганы танхимд сууж байсан. Тэр гишүүдийн тоо бол цөөхөн байсан л даа. Нэг уурхайн үе шат болгоныг бид УИХ дээр авч хэлэлцэх нь буруу юм. 2009 онд эрхийг нь өгөөд явуулчихсан. Тэрэнтэйгээ нийцсэн үйл ажиллагаа явуулж байна уу, үгүй юү гэсэн хяналт л УИХ-ын зүгээс байна. Түүнээс дараагийн шатаа авчир, хэлэлцье гэдэг юм байж болохгүй. Тавантолгойн хувьд бол өөр. Хэрвээ хэлэлцээ хийх бол гэрээгээ заавал УИХ-аар батлуул гэдэг УИХ-ын тогтоолтой учраас хэлэлцэх ёстой. Тавантолгой бол Оюутолгой шиг гэрээгээ УИХ-аар батлуулаагүй байна. 2009 оных шиг үйл явц нь одоо хүртэл хүлээгдэж байна гэсэн үг. Оюутолгойн хувьд гэрээ нь батлагдаад гарчихсан. Тэнд 1000 орчим монгол хүн ажиллаж байна, жил болгон валютын орлого олж өгч байна. Засч, залруулах юм бий. Тэр нь өөрөө үйл ажиллагааг нь зогсоох хэмжээний тийм ноцтой юм бол биш ээ л гэж байгаа юм.

 

-Сэдвээ өөрчилье. АН-тай холбоотой зүйл асууя. Намын дарга нь өөрөө Ерөнхий сайд байж л Засгийн газар дээр бодлого явдаг гэсэн зарчим ярьдаг. Энэ зарчим алдагдсанаас үүдсэн зөрчил АН-д гарч байна уу?

 

-Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. АН ялаагүй. Бид 2012 оны сонгуулийн дөнгөж дараа бол УИХ-д 31 суудал авсан. Гэхдээ намын даргаа Ерөнхий сайд болгосон. Тэр хүн нь өнгөрсөн онд солигдсон. УИХ-ын 35 гишүүний тухайд дөрвөн суудал нь явцын дунд сонгуулийн маргаан шийдэгдээд нэмэгдэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, бид ялаагүй учраас намын дарга нь заавал Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага байхгүй. Мэдээж намын дарга нь Ерөнхий сайд болоод явбал ажил илүү уялдаатай л байх байх. Гэхдээ жилийн өмнө АН сонголт хийгээд нэгэнт олон намын Засгийн газар байгаа юм чинь намын дарга нь УИХ-ын даргаараа үлдээд, Ерөнхий сайд нь олон намын Засгийн газраа сонгууль хүртэл авч явъя гэсэн. Энд зөрчилдөх зүйл байхгүй байна гэж үзсэн.

 

-Гэхдээ амьдрал дээр зөрчил байгаа биз дээ. Та нам дээрээ дэд сайд нарыг тодруулахад Ерөнхий сайд нь Засгийн газар дээрээ дэд сайдгүй ажиллана гээд шийдэж байх жишээтэй.

 

-Тийм, тийм. Тэр нь бол намын шийдвэр. Сайд, дэд сайдыг ҮЗХ тодруулна гээд намын дүрэмд байдаг юм. ҮЗХ тэр тодруулах эрхээ Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлчихсэн байгаа. Тиймээс бид тодруулсан. Ерөнхий сайд томилох үүрэгтэй байсан ч томилоогүй. Түүний оронд цомхотголд хамруулъя гэсэн. Тэрийг нь бүлэг зөвшөөрсөн учраас цомхотголоор дэд сайдгүй л ажиллана. Цомхотгол батлагдангуут энэ дэд сайд нар нэгдүгээр сарын 1-нийг хүлээлгүйгээр ажилгүй болох юм.

 

-Намын бодлого нь бүлэг дээрээ унадаг, бүлгийн бодлого нь нам дээрээ унадаг байж таарах уу. Өмнө нь Ерөнхий сайдыг тодруулах үед УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан Р.Амаржаргал гишүүнийг ҮЗХ унагаж байсан шүү дээ. Энэ нь эрх мэдэл нэг гарт төвлөрөөгүйтэй холбоотой юу?

 

-Нам, бүлэг хоёрын зөрчил бол үргэлж л байсан. Энэ бол тэрнээс хамаарахгүй. Ер нь бол дэд сайд олон нийтээс хамгийн их шүүмжлэгддэг, хэрэггүй албан тушаал гэж ойлгогддог юм билээ. Энэ Засгийн газар дэд сайдтай ажиллана гэвэл томилчих. Нэгэнт дэд сайдгүй ажиллана гээд шийдсэн бол нам нь тэр бодлогоо больё л гэсэн үг байхгүй юу. Бие биетэйгээ зөрчилдөөд байгаа юм алга. Одоогийн байгаа санхүүгийнхээ нөхцөлд тааруулж ажиллая гэж байгаа юм.

 

-Засгийн газрын тогтвортой байдлын асуудлаар та нэгдүгээрт эрх баригч АН-ын дарга, хоёрдугаарт УИХ-ын даргын хувьд ямар бодолтой байгаа вэ. УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа нь нууц байхаа хэдийнэ больсон ш дээ?

 

-Тэгж гарын үсэг цуглуулж болох байх. Манай намын гишүүдээс тэрэнд нь оролцохгүй. “Шударга ёс” эвслийн зүгээс оролцохгүй байгаасай гэж найдаж байгаа. Сөрөг хүчин ажлаа хийж байхад бидэнд хэлэх юм алга. Гэхдээ сөрөг хүчний тоо бага учраас ийм санаархал бол нэг их газар авахгүй зогсоно. Магадгүй 19 нь гүйцээд орж ирлээ гэхэд Засгийн газрыг унагах хэмжээний санал болж хувирахгүй.

 

-АН энэ Засгийн газартайгаа ирэх сонгууль хүртэл явна гэж ойлгож болох уу?

 

-Тийм, тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг дэмжихгүй.

 

-Дараагийн Ерөнхий сайд нь тэр болох нь ээ гээд янз бүрийн нэрс яваад байгаа тухайд...?

 

ЭНД ДАРЖ ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИНА УУ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (150.129.143.115)
    Баярцогт Сайханбилэг байгаа цагт ОТ ТТ н гэрээ зев голдиролд орохгуй нь харагдаж Байна иймд Байна асуудал дагуулж Байна еерийн толгойтой чадварлаг ЕС тай болох хэрэгтэй Энхболд даргын ТТ н асуудал монголд гавьяа Болон улдэх болно
    2015 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.141.169)
    Энэ этгээдийн гарал үүслийг сайн судлах хэрэгтэй байс хийгээд хятад яваад байх юм ганцаарчиосан тоглолтоор намаа самарч дууслаа нөгөө АН ын ардачлал , гишүүд нь хаана байна намын даргаа ч сонгож баталгаажуулж чадахгүй байгаа нь тус нам оюун ухааны институц болж чадаагүй харин эрүүгийнхнээс бүрдсэн мафи болсон байна
    2015 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.90)
    ЗАСАГ ТӨР БАРИЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ГЭЖ АЛГАА. ОГТ ТҮҮХИЙ ЮМ ХИЙЖ ХАЯЧИХААД ХАР ТОЛГОЙГООГООРОО ХАРИУЦДАГ БААТАР БОЛООД БАЙСАН ТЭР БАЯРЦОГТЫН САНАА ЗОВДОГГҮЙ ЭЭ. ҮР ХОЙЧУУД МААНЬ БИДНИЙ ДАРАА АМЬДАРНА Ш ДЭЭ, ЭНХБОЛДОО, САЙХАНБИЛИГЭЭ. АЖЛАА ЧАНАРТАЙ ХИЙГЭЭРЭЙ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, (112.72.13.24)
    Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах ” 400 дугаар тогтоол ЗГ-aac оны эхээр гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд хошигруулчихаад өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож, хуурч мэхлэн даажигнаж ирэв. ХТҮГ-ын Саранхүү авгай бүгдэд нь өгчихсөн гээд хэнэггүй залж байх юм. Иргдийг хулхидах, худал залахын уралдааныг төрийн түшээдийнхээ дунд зарласан ЭНЭ ЗАСАГ ийм түшмэдүүдтэйгээ эрт ОГЦРОХ нь өлзийтэй
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • зогсоолыг хавтангуудаар хучьяа (122.201.24.191)
    орон сууцны хороолол дунд, байшингийн урд, хойно сул шороотой хэсгийг хавтангаар хучиж машин, тоглоолмын талбай гаргах зөндөө боломж байгааг анзаараачээ. Ядаж үзэмжтэй харагдах нэгэн жигд хавтангуудаар хучвал цэвэрхэн, цэгцтэй, шороо тоос бага байна. Хоёрын хооронд зүлэг ногоо ургахгүй, ургасан ч хүмүүс явж тагтруулсан шороон болон ургамал холилдсон талбай л улаанбаатарыг улам бараан, цэгцгүй харагдуулдаг шдээ. Хотын дарга нар Гадны том хотуудын жишигээс санаа аваад авч санаачлагатай ажиллав хүмүүст хүрнэ дээ. хэдэн цэцэг тарьж хотыг үзэмжтэй харагдуулах гэсэн ядсан аргаасаа татгалзахыг уриалж байна
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.190)
    Unen uu?
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Баяр (112.72.13.185)
    1996 оны өмч хувьчлалыг энэ гөлөг гэггдэг нөхөр Төрийн өмчийн хороог удирдаж байхдаа хийлгэсэн юм билээ. энэ нөхрийг шалгавал ч их но гарна даа. Ард түмэн шүүх цаг ирнээ. Луйварчдаа. Та нарыг ард түмний цаазын тавцанд удахгүй аваачна.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Баатар (112.72.13.185)
    Хуцдаг муу луйварчин бэ. Тэгвэл улсаа үнэгүй өгдөг машинаа өгчих. Тэгвэл төв аймгаас очоод авчихья. Харваас зэвүүн царайтай амьтан бас миний архи ууу идэхийг заах юм гэнэ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • иргэн (65.49.14.75)
    Тийм төрийн далбаагүйгээр амьдарч болно. Бид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хажууд энийг хийж үзсэн ш дээ. Тэр том далбаа чинь гуравхан сар намираад л элэгдчихдэг юм билээ. Сүүлдээ Хан-Уул дүүрэг мөнгийг нь даахгүй болохоор нөгөө далбаагаа буулгачихсан.- ХЭН ХИЙСЭН БИЛЭЭ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • иргэн (203.194.114.31)
    нэг л их гоё ярина амьдрал дээрээ шал худлаа засаг унахаас чинь өмнө наад нам шиг юм чинь дотроосоо задараад эхэллээ шүү дээ энэ АН-ын дотоодын тэмцэлээс болж улс орон хямарч гүйцлээ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Beltreg ee unen uu
      2015 оны 10 сарын 16
  • irgen (202.21.115.82)
    MANAI AN CH YESTOI NEG NER HUND NI UNAJ DUUSAJ BNA DAA ,YANAA
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • бэлтрэгт (202.55.191.76)
    Зээлээ сунгана гэнэ үү унгана биз
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    УИХ-ын гишүүдэд өгдөг жилийн 1 тэрбум төгрөгийг хасаж болно ш дээ. 76 тэрбум хэмнэгдэнэ. Анх тойрогтоо өөрсдөө мэдээд зарцуулаарай гээд 100 сая төгрөг гишүүдэд өгснөөс эхлээд энэ нь 10 дахин томорчихсон. Нөгөө шударга эх орончид Ганбаатар, Уянга, Даваасүрэн, Бямбацогт, Бэлтрэг нар нь дуугарахгүй юм? Амаа үдүүлчихсэн.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • АН-д өөр хүн байна уу (202.55.191.76)
    бонд гаргах бол юу биш гэнэүү, энэ их т1-нээ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.72.245.123)
    Энэ хүн Женкогийн хүүхэлдэй гэж бодохоор гайхмаар
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН-ынхан энэ боловролгүй, тэнэг нөхөрөөр намаа устгууллаа даа,
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.242.47.2)
    Одоо сонгууль угтаж ингэнэ тэгнэ гэж худлаа шаадаг нь эхэлж байна. Өнгөрсөн 4-н жил яг үнэндээ самарчихлаа гээд л үнэнгээ хэлчинэ биздээ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • харж л байгаарай (202.55.191.76)
    наанаа худлаа бураад цаанаа хор найруулдагий нь бүх хүн мэднэ дээ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Энэ Энхболд удахгүй өөрөө хэн ч биш болж гөлөр гөлөр гээд хүний нүд харж чадахгүй хулгайч царайлаад явна даа Хүмүүсээ харж байгаарй цаг хугацаа гэж том шүүгч байдаг юм
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Энэ бэлтрэг энхболд одоо хэн болсон болоод Энхсайхныг хусна гэж хуцаад байнаа 4 р ангийн боловсролтой Женко баттулга загвар өмсөгч Гансүх ногоон Эрдэнчимэг нарын хийсэн ТТгэрээгээр Монгол улс хөгжихийг нь харьяа л даа Энэ хэдэн дуйварчид Энхсайханы толгойд хүрэх гэрээ хийх гэж юу байх вэ дээ АН нам энэ бэлтрэгтэйгээ нэг мөсөн булшлагдаж байна даа
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.169)
    Энэ нөхөрийн мэддэг гэж юу байна аа УИХ г дөрвөн жил удирдаад О ын цаас болгосон бол АН г нэг жил удирдаад тараалаа яг л төрийн өмчийг найз нөхөд журмын нөхдүүдэдээ хувааж өгөөд өөрөө хувь хүртсэн шиг юм болжээ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.228)
    ан- фракцгүй нам гээд бсан. одоо тэд нар нам болоод гараад ирэх нь. энэ одой нөхөр худлаа ярьсаар ан- арчигдлаа.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.228)
    ан- фракцгүй нам гээд бсан. одоо тэд нар нам болоод гараад ирэх нь. энэ одой нөхөр худлаа ярьсаар ан- арчигдлаа.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.113)
    огцоруулах хугацаа алга боллоо эрүүл мэндийн батлан хамгаалахын сайдаа соль аж үйдвэрийн сайд яамгүй сайдаа үгүй болгооч
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Юу ч хийхгүй хэрэлдээд байх хэрэггүй шүү дээ, цаана чинь ажил алга уу? ядаж тавьсан өрөө бод З.Энхболдоо
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    ichisen xun xun alna gedeg shig l yum bolj bna daa ,yana daa AH iin teneguudee.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (103.23.51.3)
    ХЭ ,ХЭ, ХО ХО,ХИ ХИ ККККККККККККККККККККККККККК.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    14 цаг 49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 3 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    15 цаг 23 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    15 цаг 25 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    15 цаг 58 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    16 цаг 22 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    16 цаг 29 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    16 цаг 37 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    16 цаг 39 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    17 цаг 3 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    17 цаг 51 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    17 цаг 54 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    17 цаг 57 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    18 цаг 1 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    18 цаг 30 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 57 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    21 цаг 41 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    21 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    22 цаг 7 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК