Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дашдондог: Би телевизийн засварчин мэргэжилтэй ч Телевиз засч үзээгүй

2016-5-18
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой ярилцлаа. 

 

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

 

-Шинэ уран бүтээлүүд гарчихсан байна. Гурван шинэ цомог хийсэн. Ард түмэн талхнаас өөр юм авч чадахгүй байгаа энэ үед цомог худалдаж авах хүн ховор. Массаараа авах боломж муу байгаа учраас цаг сайжрахыг хүлээж байна.


-Хэвлүүлчихсэн байгаа юу?


-“Би монгол хүн” хэмээх цомгоо хэвлүүлсэн. Нөгөө хоёр нь дараастай байгаа.


-Дуулаачийн сургалтаа явуулж байгаа биз дээ?


-Манай сургалт явж байгаа. Олон жил сургалтаа явуулсан учраас маш олон шавьтай болсон. 

 

-Анх хэзээнээс сургалт явуулж эхэлсэн билээ?

 

-1990-ээд оноос бодож боловсруулаад, хувийн студитай болсныхоо дараа сургалтаа эхлүүлж байлаа. Студи байгуулсан түүх маань гэвэл, Н.Халиун бид анх олон замаар бичдэг студийн төслийг хийж, бүтэн жил шахуу хугацаанд мөнгө хайж явсан. Тэгээд л нэг нартай өдөр тухайн үед УИХ-ын гишүүн байсан Э.Бат-Үүл ах бидэнтэй хамтарч, “Сонор” студийг байгуулсан. “Сонор” бол Монголын анхны олон замаар бичдэг студи. Үүний ашиг тус нь юу байв гэхээр, урьд манай рок, попын дуучид өөрийн гэсэн цомог байсангүй, өөрийн гэсэн бичлэг ч байгаагүй л дээ. Радио дээр юм уу, хальсан дээр хоёр замаар бичүүлдэг байсан. Харин манай студи гарснаар хамтлаг дуучид цомогтой болж эхэлсэн. Цомгоо гаргаад тоглолт хийдэг болсон, дараагийн цомгоо хийх гэх мэтээр эргэлтэд орсон юм. Энэ чинээгээрээ уран бүтээлүүд нь чанартай гарч эхэлсэн. Тэгэхээр энэ ажил маань урлагт том эргэлт болсон. Үүнээс хойш би өөрийн "Протус" студиэ байгуулсан. Монголд хамгийн анх удаа "Протус" студийг Full системээр нь оруулж ирсэн. 200-гаад төрлийн замаар бичдэг. Тэрнээс хойш Монголын нэртэй тав, зургаан студи л протус системтэй байна. 


-Хөгжмийн зохиолч Н.Халиун та хоёр олон төрлийн төсөл бичсэний дотор такси баазын төсөл ч бий гэж сонссон?


-Бид хоёр студийн төслөө хийчихээд хажууд нь такси баазын төсөл бас биччихсэн байсан. Төслөө бариад нэлээд хэдэн газраар орсон.  Тухайн үед одоогийнх шиг компаниараа такси үйлчилгээ үзүүлдэг газар байгаагүй. Түүнийг бид хоёр олоод харчихсан байлаа. Олон газраар орсон учраас санаагаа алдчихсан л даа. 


-Урлагийн хүмүүс хэрнээ такси баазын төсөл хийсэн гэхээр шинийг эрэлхийлдэг хүмүүс байжээ?


-Урлагийнхан ер нь гүйлгээ ухаан сайтай хүмүүс байдаг. Бизнес сэтгэлгээ сайтай, уран фантаз ихтэй. Хүнд юмыг сонирхолтой, амттай хувилбар руу шилжүүлж чаддаг авьяастай хүмүүс шүү дээ. 


-Хувийн студиэ байгуулахад нэлээд зардал гаргасан байх. Өөрийн байраа хүртэл зарсан гэсэн?


-Хувийн студиэ байгуулахдаа VI бичил хороололд байсан гурван өрөө байраа тавилгатай нь зарсан. Зоригтой ч байж, түүнийгээ хийх хүсэл сонирхол ч их байж дээ. Протус бол хөгжмийн салбарт удаан ноёлж байгаа систем. Түүнийг олж хараад эх орондоо авчирсан. Үүнийг дагаад сүүлийн үеийн шинэ студиуд энэ л системийг худалдаж авдаг болсон.


-Байраа тавилгатай нь зарчихаар эхнэр тань яаж хүлээж авсан бэ?


-Манай эхнэр их тэвчээртэй. Байр орон гэрээ зараад явж байхад намайг дагаад л, ажлаа хийгээд явж байсан. Түүнийхээ үр шимийг одоо үзэж байна шүү дээ. Хүн хүсэх л юм бол хийнэ. Тэрийгээ үнэн сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Ер нь хүнд юм хийж өгнө гэдэг чинь учиртай. Сүүлийн үед зарим хүнийг харахад сэтгэл гонсойдог. Нүд хуурдаг, халтуурддаг хэрнээ асар их мөнгө ярьдаг болсон байна. Тийм юм байж болохгүй. Тухайн хүнийхээ сэтгэлд хүрсэн сайхан зүйл хийгээд өгөхөөр дараа нь дахин ханддаг, хүмүүст хэлж, нааш нь явуулдаг байхгүй юу.


-Халтуурдсан байдал урлагийнханд ч мөн байгаа нь анзаарагддаг. Арга хэмжээнүүдэд ам бариад л?


-Амьд дуулж, хөлсөө гаргах ёстой. Нэг юм уу хоёр дуу дуулахад л хөлс асгарчихдаг. Тэгэхээр бүтэн концерт хийхэд яах нь ойлгомжтой. Би бол хоёр, гурван дуу дуулахад хөлс асгарчихдаг. Дуулна гэдэг бол асар их хүч шаарддаг ажил. Хоёр, гурван дуу дуулахад уулын орой руу гарчихаад буухтай ижил хэмжээний хүч зарцуулдаг. Дуучны хөдөлмөрийг хүмүүс харахдаа ямар жаргалтай ажил вэ гэдэг ч үнэн хэрэгтээ өөр. Алдаж, онож байгаа залуу уран бүтээлчид бий. Гэхдээ тэднийг буруушааж болохгүй. Бид ч гэсэн залуудаа хүмүүст харагдаад, сэтгэл хөөрдөг байсан. Тэд маань яваандаа сурчихна. Гол нь юмыг битгий хөнгөн хийсвэр байдлаар хараасай л гэж бодож байна. Аль болохоор сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Тэгвэл хийж байгаа юмандаа өөрөө дуртай болно, өрөөл бусад ч тэрэнд дуртай болдог байхгүй юу. Зөвхөн үзэгдэх талаа бариад байх биш гол нь сэтгэл, хийж байгаа юм чинь сайн байх ёстой. Сүүлдээ үзэгдэх талаа мартчихдаг юм. Ер нь анзаараад байвал сайхан дуучид, юмыг гүн рүү нь боддог мундаг эрдэмтэд, ухаантнууд нь их энгийн. Тэгээд тэр энгийн байдал маш гоё харагддаг. Үзэгдэх тал гэж би зөвхөн хувцаслалтын тухайд ярьсан шүү.


-Та залуудаа хэр стильтэй байв?


-Ёстой ганган байсан. Одоо ч хувцас хунар тоохоо больж дээ. Биед эвтэйхэн л байвал болно. Барууны том одуудыг харахаар энгийн хүмүүс байдаг хэрнээ тайзан дээр гараад цөм авдаг. Тэр нь өөрт нь их зохидог. Тэр чинь л гоё. Надад тэр нь таалагддаг.


-Анх олон нийтэд танигдаад ирэхэд ямар санагдаж байсан бэ?


-Гудамжаар явж байхад хүн бүр эргэж харна, гар барьж, гарын үсэг зуруулна. Зургаа авахуулна. Их л гоё санагддаг байсан. Олны танил байх сайхан. Гэхдээ тэр сайхныг дааж чадах нь чухал. Тэглээ гээд өөрийгөө тэнгэрийн амьтан болчихож гэж андуурч болохгүй. Ухаантай, даруухан байх ёстой. 


-Гэхдээ онгирч, сагсуурах үе байсан байх даа. Залуу л байсан юм чинь?


-Надад бол гоё л байдаг байсан. Хүн болгон хүндлэх сайхан. Түүнд нь онгироод байх шаардлага огт байгаагүй. 


-Олон ч урмын үг сонссон байх. Түүнээс хамгийн их сэтгэлд тод үлдсэн нь ямар үг байв?


-Урмын үг их ч сонссон. Харин манай Зундуй гэж найзын аав нь надад нь нэг үг хэлсэн нь их сайхан санагддаг. Би тэр найзынхаа дүүгийн хуриман дээр очиж дуулаад гадаа нь Зундуйтай юм яриад зогсч байсан юм. Аав нь нэлээд халамцсан гарч ирэхдээ “Даашка чи болоогүй шүү. Чи өөрийгөө болчихсон гэж бодож байвал андуурч байна. Хичээгээрэй” гэж хэлсэн. Тэр надад их гоё санагдсан. Хэт их урмын үг хүнийг буруу тийш нь залах аюултай. Хатуухан үг хүнээс сонсох сайхан. Түүгээр хүн ирлэгдэж, дотор буцалж байдаг. Дандаа гоё үг сонсч байгаад нэг өдөр таг хийтэл хатуу үг сонсохоор цочоод л, сэрж байгаа юм.


-Хэдий үед вэ. Болоогүй шүү гэхээр залуухан байхад тань тэгэж хэлжээ?


-Үгүй, саяхан. Гавьяат болчихсон байсан үе шүү дээ (инээв). Тийм хатуу ширүүн үг хүнд их хэрэгтэй. Энэ үг сэтгэлээс ер гардаггүй. Болоогүй гэдэг нь ч үнэн л дээ. Хүн өөрийгөө болсон гэж бодож болохгүй, насан туршдаа суралцдаг. Ямар ч юмны оргилд нь гарсан хүн байхгүй. 
-Танд олон сайхан бэлэг ирж байсан байх. Хананд өлгөсөн байгаа дурсгалын үгс их гоё юм.


-Хамгийн дээр нь бичсэн байгаа миний нэрийг харж байна уу?


-“Дүү Одхүүдээ” гэсэн байна. Яагаад Дашдондог биш, Одхүү гэсэн байгаа юм бэ?


-Аав, ээж минь надад Одхүү гэдэг нэр хайрласан юм байна лээ. Гэхдээ лам үзээд нэр хүндэдсэн байна гээд Дашдондог болгосон гэдэг. Хүмүүс миний жинхэнэ нэрийг огт мэддэггүй юм. Энэ зургийг манай ах зурж өгөхдөө жинхэнэ нэрийг маань бичсэн байгаа юм. 


-Нэрээ сольсон тухай тань огт сонсч байгаагүй юм байна. Ингэхэд таны үндсэн мэргэжил юу юм вэ?


-Холбооны сургалтын төвд суралцаж, телевиз засварын мэргэжил эзэмшсэн. Сургуульд орсон эхний жилээсээ л хөгжим тоглож эхэлсэн. Хөгжмөө хөөсөөр байгаад л дууссан. Телевиз засч үзээгүй (инээв).


-Яагаад телевиз засварын ангид орсон юм?


-Манай аав холбоочин. Орбит станц гэж Монголд хамгийн анхны сансраас нэвтрүүлэг хүлээж авах газрын ерөнхий инженер байсан хүн. Удам дагасан холбоочин болгох, өөрийн мэргэжлийг өвлүүлэх юмсан гэж бодож байсан байх. Уг нь телевиз засварын анги бол Монголд анх удаа нээгдсэн анги. Хамгийн гоё анги байсан болохоор хүмүүс хүүхдээ оруулах гэж “алалцаж” байлаа.


-Танай удамд урлагийн хүн бий юу?


-Манай удмынхан тэр чигтээ урлагийнхан. Манай өвөөгийн хамгийн бага дүү нь кино найруулагч Б.Балжинням, кино судлаач, хөгжмийн зохиолч Батсүрэн гэж байлаа. Шагдарсүрэн гэж мундаг том сэтгүүлч байсан. Миний ээжийн талынхан сайхан дуулдаг. Ээж маань гоё дуулдаг хүн байсан гэсэн. Намайг бага байхад өнгөрсөн. Ээжийн минь тэр гени надад үлдсэн. Харин аавын талаас бодож, эргэцүүлэх тал нь өвлөгдсөн байх.


-Рок, поп урлагтай хэрхэн холбогдсон түүхээ дурсвал. Тухайн үед од болж байсан гаднын хамтлагуудын дууг их сонсдог байсан байх даа?


-Бага байхдаа лагерь дээр гарахад гадаадад сураад амралтаараа ирсэн ах нар дамарны магнитфон, пянз гээд гадаадаас янз бүрийн юм авчирна. Бохь зажлаад, трапезан жинстэй нэг л их гадаадаар явсан ах нар янжуур зуучихсан. Би жаахан хүүхэд болохоор тэднийг харж шүтээд л. Тэд гадаад дуутай хальс, пянзаа хамгийн чанга дээр нь тавиад лагериар нэг орилуулна. Хүүхэд болохоор очоод тэнд нь суугаад л сонсоно. Өглөөнөөс орой болтол суугаад бараг гэр орноо мартаж байгаа юм чинь. Тэгээд эхнээс л сураад эхэлсэн. Ах нар намайг дуулуулаад, улам сайн сураарай, ах нь чамд илүү чанга сонсгоно оо гээд л (инээв). Тэрнээс л үүдэлтэй. Лагерь дээр жил болгон ах нар шинэ хамтлагийн дуунуудыг авчирна. Сонсголоороо бүгдийг нь сурсан. Дараа нь манай аав намайг хөгжимд дуртай байгааг мэдээд хуруу хумсаа хугалах шахам байж, Япон руу элчин сайдын туслах хийдэг байсан таньдаг ахад захиж, “Silver” гэдэг нэртэй кассетны радиотой, микрофонтой магнитфон авчруулж байсан. Түүнийг биеэсээ салгахгүй. Надад арваад кассет байсан, тэднийгээ ар, өвөргүй цээжээрээ дуулдаг байсан. Байрныхаа хүүхдүүдийг суулгаж байгаад, өөрөө магнитфоноо хажуудаа тавиад концерт хийдэг байлаа. Арван жилд байхдаа анх цахилгаан гитар хийсэн. Радиогийн ярьж, чагнадаг хэсгийн доторхи динамикийг аваад гитар дээрээ залгаад, бүгдийг нь өөрөө хийсэн. Сүүлд Холбооны сургалтын төвд орсны дараа аж ахуй дээр очоод Баатархүү, Угтах гэж хоёр найзтайгаа танилцсан. Аж ахуй дээр тэр хоёр маань дуулахгүй ч “Smokie”-гийн дуунуудаас тоглодог байсан. Би ч хэзээний мэддэг дуунууд учраас хажууд нь дуулаад л. Тэгсэн тэр хоёр маань гурвуулаа хамтлаг байгуулъя гээд хамтлаг болсон доо. ТМС, техникумуудын дундах урлагийн үзлэгт дөрвөн жил нэгдүгээр байр эзэлсэн. Дараа нь цэрэгт хоёр жил явахдаа хөгжмөө тоглоод, “Хилчин” хамтлагт орсон. Ингэж мэргэжлийн урлагт хөл тавьж байгаа нь тэр. Хоовон Энхбаяр гэж мундаг хөгжмийн зохиолч тэнд залуухан дэслэгч байсан. Бүрнээбаяр эгч, Оюунаа эгч, Уртнасан ах гээд томоохон уран бүтээлчид шинэхэн мэргэжлийн уран бүтээлүүдээ гаргасан байлаа. “Сүүн цагаан” хурим тэндээс эхтэй шүү дээ. Анх Ганболд ах, Оюунаа эгч хоёр дуулсан. Дараа нь Бүрнээ эгч бид хоёр дуулсан юм. Тэрнээс хойш “Сүүн цагаан хурим” алдаршиж, цуурайтсан. Хэчнээн дуучин тэрийг авч дуулав, хэдэн хүн түүгээр мөнгө олж байна (инээв). Хуримын ганц дуу шүү дээ. "Хилчин" хамтлаг ид мандах үед би тэнд байсандаа баярладаг. Олон сайхан уран бүтээлчтэй хамтарч ажилласан даа. 


-Холбооны сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд радиод ажиллаж байсан гэл үү?

 

-"Хилчин" хамтлагаас гараад өөрийн мэргэжлээр ажиллаж үзье гэж бодоод Монголын радиод орсон. Тэнд “Ардын хуур” гэдэг нэвтрүүлгийг Ж.Бадраа гуайтай хамт 18 аймгаар бүтэн тойрч хийсэн. Намайг өөр тийшээ зурганд томилсон байхад Ж.Бадраа гуай зурганд гардаггүй байлаа. “Дашдондогийг олж ир, та нар” гээд гүрийгээд суучихдаг. Сүүлдээ намайг өөр юманд ч хуваарилахаа больсон. Дараа нь З.Алтай бид хоёр “Цаг үе, залуучууд”-ыг анх бүтэн сериал хийж, бүх аймгаар явж үзсэн. Би чинь гэр орны бараа хардаггүй, хөдөөгүүр зураг аваад л явдаг байлаа. 


-Ж.Бадраа гуайтай ажиллаж байсан он цагаа дурсвал?


-Ж.Бадраа гуай мундаг хүн шүү дээ. Нэг удаа миний тархи хөдөлчихсөн байсан юм. Бөөлжөөд л сонин болоод байсан чинь “Өө энэ хүүхдийн тархи нь хөдөлчихсөн байна. Алив нааш ир” гээд толгой жаахан барьж байснаа ороод унтчих гэсэн юм. Тэгээд өрөөндөө ороод унтаад, өглөө сэрсэн чинь толгой зүгээр болчихсон байсан. Маш гоё, гоё юм ярина. Ухаант мэргэдийн хажууд амьдрахад ямар богино хорвоо вэ, увайгүй мунхагуудын хажууд амьдрахад яасан урт хорвоо вэ гэж үг байдаг даа. Тэр яг үнэн. Тэр ухаантай хүмүүсийн дэргэд байна гэдэг бол хэн бүхэнд олдох завшаан биш. Би тийм хүмүүсийн дэргэд байсандаа маш их баярладаг. Тэд намайг асар их цэнэглэсэн. Хажууд нь яриаг нь сонсоод суухад л цэнэг авдаг. Ухаант мэргэдээ хүндэл, өөрсдөө ухаантай болох гэж битгий жүжиглэцгээ гэж хэлмээр байна. Хүн бүр фейсбүүктээ зүйр цэцэн үг бичдэг болчихож. Ухаантнуудынхаа л үгийг сонсч бай гэж хэлмээр байгаа юм. Ярьж байгаа яриаг нь сонсоод сууж байхад гоё, цаанаасаа их нандин юм ярьдаг. 


-Ямар үед өөрөөрөө хамгийн их бахархдаг вэ?


-Юмыг хийж дууссаны дараа, тэр маань их гоё болчихвол өөрөөрөө бахархана. Сайхан тоглолт хийснийхээ дараа бас бахархана. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулж дуусаад, хөлсөө гаргаад зогсох сайхан. Дараа нь найз нартайгаа пааридаад зогсох чинь хамгийн гоё жаргал байдаг. Тэр чинь кайф байхгүй юу. Сэтгэл хөөрөөд, яавал ч яачих гээд л газраас хөндийрчихөөд байдаг. Н.Халиун бид хоёрын “White album”-ыг хоёр удаа тоглосон тоглолт байдаг. Маш алдартай тоглолт. Монголын рок, попын түүхэнд тоглосон тоглолтуудаас хамгийн супер тоглолт нь тэр. Тоглолт дууссаны дараа хөл газар хүрэхгүй байсан. Тэнд очсон хүмүүс ч бүгд кайф авсан. Тоглолтын дараа  бид ямар ч төлөвлөгөө байгаагүй. Гэтэл дууссаны дараа бүгдээрээ “Хаан брой” руу явсан. “Хаан брой”-гийн Огоо ч гэсэн баараа хаагаад бүгдийг нь үнэгүй гэж байсан. Тийм их сэтгэл нь хөөрцгөөсөн байлаа. Тэнд бүгдээрээ цаашдын уран бүтээлийн фантаз, сансрын юмнуудаа яриад л (инээв). Кайф гэдэг чинь өөрөө ийм. Ард түмэн тоглолт үзээд кайф авч байна уу гэдэг бас сонин. Кайф авсан хүн бол дуучинтайгаа ижилхэн нисчихсэн явж байдаг. Онгироод л, контролгүй болдог. 


-Дахиж ийм гоё кайф өгөх тоглолт хэзээ хийе гэж бодож байна. Шинэ цомгууд тань ч бэлэн болчихсон юм байна ш дээ?


-Уг нь ойрхондоо тоглолт хийе гэж бодож байсан. Гэхдээ нэг, хоёр жилдээ худлаа боллоо. Ард түмэн хямарчихсан ийм байхад тоглолт хийгээд хүн үзэх үү?


-Харин ч стрессээ тайлахын тулд үзэх юм биш үү?


-Тоглолт өндөр зардалтай. Тайзны гэрэлтүүлгийг бүгдийг нь шинээр засна, амьд хөгжимчид урина, бүжигчидтэйгээ бэлтгэл хийнэ, найруулга гээд зардал их өндөртэй золиг. Тийм их зардал гаргаж тоглолт хийчихээд “шатвал” яах вэ гэдэг асуудал байна. Бид үүгээр л мөнгө олж амьдарч байна. Зарим хүн андуураад байдаг. Тоглолт хийнэ гэхээр урилга нэхнэ. Дуугаа хийж, бичүүлэх, түгээх, тоглолт хийх бас зардал. Ингээд бодохоор асар их зардалтай. Нийтийн дуу, рок попын дуу аваад дуулах хоёр тэнгэр газар шиг ялгаатай үнэтэй. Нэг цомогт орсон арван дууны нийт үнэ 20, 30 сая болдог. Тийм байтал хүмүүс гарын үсгээ зураад бэлэглээч гээд үнэгүй авдаг. Уран бүтээлчдээ хайрлаж, хүндлэх ёстой. Бид мөнгө зарж хийж байгаа. Үүнийг хүмүүс яагаад ойлгодоггүй юм бол. Тэгээд бас хувилаад гудамжинд хямдхан зараад зогсдог. Ийм шударга бус байж болохгүй. Хүний хийсэн хөдөлмөрийг үнэлэх ёстой.


-Сонирхож асуух зүйл байна. “Монголоороо байгаасай” дууг Л.Гүндалай дуулж, нэлээд шуугиан тарьсан. Танаас эргэж уучлалт гуйсан уу?


-Уучлалт гуйгаагүй. Тэр тийм уучлалт гуйх сэтгэлгээтэй хүн биш ээ. Хүний зан чанар тийм юман дээр харагддаг. Анх над дээр ирээд энэ дууныхаа фонограммыг өгчих гэж хэлсэн. “Чиний хоолой хүрэх юм уу” гэсэн юм, би. Тэгсэн чинь би бол дуулдаг хүн, хүрнэ, урьд нь олон ч дуу дуулсан гэхээр нь за яахав өгч болно, гэхдээ өөртөө тааруулж, шинээр хийлгээрэй гэсэн. Тэгтэл чи клипээ өгчих, чиний дүрсийг авч хаяад өөрийнхөө дүрсийг тавьчихъя гэдэг юм байна. Ингэж доромжилж байгаа байхгүй юу. Одоо болохоор нэг их ухаантай юм яриад гимнастик хийх нь хийгээрэй гээд л. Харахаар инээд хүрээд байдаг юм. “Монголоороо байгаасай” миний дуу биш. Би дуулсан дуучин нь. Зохиосон хүмүүс нь Баян, Цогжилт гэж хүмүүс.


-Танд мөнгө санал болгосон уу?


-Үгүй. Нэг ч төгрөг санал болгоогүй. Түрүүлээд тийм үг дуугарчихаар хэдэн төгрөг өгсөн ч би авахгүй ш дээ. Би тэрэнд доромжлуулчихаад тэрний мөнгийг хараад “Аан за” гэх юм уу. Хэзээ ч тийм юм байхгүй. 


-Дараа нь клипийг нь үзээд ямар санагдав?


-Инээх уйлах хоёрын дундуур л байсан. Урлагийг ингэж доош нь хийж сонгуулийн pr-аа хийж болохгүй.

 

Б.Бадамгарав

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (103.212.118.165)
    odooch gesen duuchin geheesee zasbarchin shig.azaar duuchin geed ubj bgaa baih.engiin baidag l hooloitoi.
    2016 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.187.21)
    hun sonsonoo bas
    2016 оны 05 сарын 19 | Хариулах
  • bi (202.180.220.35)
    ээ телевизорын засварчин гээчээ
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    43 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    2 цаг 0 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    2 цаг 14 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    2 цаг 43 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    2 цаг 47 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    3 цаг 1 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 12 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    3 цаг 25 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    3 цаг 49 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    4 цаг 13 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    4 цаг 43 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    4 цаг 48 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 53 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    5 цаг 4 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    12 цаг 50 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    12 цаг 55 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    19 цаг 41 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    21 цаг 16 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    21 цаг 27 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    21 цаг 32 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК