“Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах" төслийг Монголын Байгаль Орчны Консорциум төрийн бус байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран боловсруулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү ботаникийн бичил цэцэрлэг байгуулагдсанаар ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хөрсний эвдрэл, цөлжилтөөс сэргийлэх, ойн төрөл зүйлийг хамгаалах зэрэг байгаль хамгаалал, экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой улмаар манай орны иргэдэд, ялангуяа хүүхэд, залуучуудад ойн нөөц болон ойн төрөл зүйлийг хамгаалах талаар тодорхой мэдлэг олгоход туслах юм.
Энэ төслийг "Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ" олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалтанд зориулж 1,5 сая орчим америк доллар зарцуулна.
Төслийн хүрээнд 8,4 га газарт зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, асар, хашлага, чулуун баримал, чулуун тохижилт, явган болон дугуйн зам, машины зам, зогсоол гэх мэт тохижилт бүтээн байгуулалт, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдсэн олон улсын жишигт нийцэхүйц “Ботаникийн бичил цэцэрлэг" байгуулахаар зорьж байна.