Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Playtime-2016” амьд хөгжмийн наадам энэ сарын 24-26-нд “Монгол шилтгээн” цогцолборт болох гэж байна. Энэ удаагийн амьд хөгжмийн наадмаар Швед, Япон, Сингапур, ОХУ, Өвөр Монгол, Өмнөд Солонгос зэрэг улсаас хамтлаг дуучид ирж оролцох бөгөөд манай улсын олны танил, шинэ залуу хамтлаг дуучид нийлээд 50 гаруй уран бүтээлчид оролцох юм.
“Монгол шилтгээн”-нд гурван өдрийн турш зохион байгуулагдах тус наадамд хамтлаг, дуучид “Playtime”, “Шинэ давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзнаас уран бүтээлээ хүргэх аж. Энэ жил “Replay” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа багасгах, зөв зохистой орчинг бүрдүүлэх үүднээс “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchandise” өртөө яармаг хэрэгжүүлэн байгаль орчинг бохирдуулахаас сэргийлсэн урлагийн үзүүлбэр үзүүлэх юм байна.
Анх 2002 онд зохион байгуулагдаж байсан тус наадам хотын орчин үеийн амьд хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.