Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 529 авснаас зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2 , явган зорчигч 2, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 3 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд замд “H.Sonata” маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 26 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн БГД-ийн нутаг Дунд нолын гудамж, Нарны хорооллын 1-р байрны хойд замд “T.Prius” маркийн авто машины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 7 настай хүүг мөргөж гэмтээсэн. Түүнчлэн хөдөө орон нутагт автын ослоор гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар хотоос 132-133 дахь км-т “T.Ipsum” маркийн авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй З, зорчигч 18 настай эмэгтэй Б нарын хоёр хүний амь нас хохирч нэг хүн гэмтсэн. Мөн Ховд аймгийн Үенч сумын Жаргалант багаас баруун тийш Күв гэх шороон замд улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 38 настай эрэгтэй Б нь газар дээрээ нас баржээ.