Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал болж, нийт есөн салбарын 41 стандартыг хэлэлцэн батлалаа. Тодруулбал, хүнс,эрүүл мэнд, хими технологи, хэмжил зүй, мэдээлэл-харилцаа холбоо, байгаль орчин, төмөр зам, төрийн үйлчилгээ, эрчим хүч, хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын салбаруудаас нийт 41стандартыг батласан байна.
Эдгээр стандартуудыг баталснаар салбар бүрээс тодорхой ахиц дэвшил гарах ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолжээ.
Хүнсний стандартад шинжилгээний аргын стандартууд орсон бөгөөд хүнсний бүтээгдэхүүний химийн нэгдлийг тодорхойлох аргачлалд тавих шаардлага, сүү ба цөцгийг спиртийн сорьцоор дулаанд тэсвэрлэх чадварыг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Энэ стандарт нь олон улсын түвшинд шинжилгээний аргыг ойртуулах, сайжруулах ач холбогдолтой ажээ.
Харин Эрүүл мэндийн салбарын хувьд олон улсын стандартыг эмнэлгийн салбарт нутагшуулах зорилгоор орчуулж байгаа стандарт бөгөөд эдгээрийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарт дэвшил авчрах юм хэмээн үзэж байна.
Хэмжил зүйн стандартуудыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын стандартыг орчуулан гаргаж байгаа бөгөөд ялангуяа халуун, хүйтэн усны тоолууртай талаар онцгойлон тусгасан нь тоолуурын чанар дээшлэх ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж буй аж.