ОХУ-н Сочи хотод 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй дэлхийн циркийн шилдэгүүд оролцдог "Мастер" олон улсын циркийн их наадмыг дэлхийн циркийн урлагийнхан Оскарын шагналтай дүйцэхүйц хэмээн үнэлдэг юм.
Тэгвэл энэхүү наадмын 16 номинацаас Монгол циркчид “Шилдэг номер”, “Шилдэг трюк” гэсэн хоёр төрөлд өрсөлдсөнөөс “Шилдэг трюк” номинацаас нийт 49 үзүүлбэрийг ардаа орхин 2016 оны дэлхийн циркийн шилдэг нь болжээ.
Энэхүү баярт мэдээг Монгол цирк хөгжлийн төвийн тэргүүн, продюсер Н.Эрдэнэ цахим хуудаснаа нийтлэн дуулгасан юм. Тэрээр “Бид "Нүүдэлчин Монголчууд" үзүүлбэрээр дэлхийн циркийн Оскар хүртэж 75 жилийн ой нь тохиож буй Монгол циркийн урлагтаа бэлэг барилаа” хэмээн шагналын зургаа нийтэлжээ.