Өнөөдөр зуны сүүл сарын шинийн 04 буюу Бурхан багшийн "Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр" тохиож байгаа бөгөөд Тэгчэн Сожон буюу Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж.
Энэхүү дүйчэн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл, хилэнцийн үйлийг санан санан хорьдог.
Энэхүү өдөртэй холбогдуулан МБШТөв Гандантэгчэнлин хийдээс "НОМ ДОР МӨРГӨМҮ" эрдэм соёлын үйл ажиллагаа зохион байгуулж байна.
05:30-07:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн их хөлгөний тэтгэн ариусгахуйн сожон сахилыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, цорж Ж.Отгонбаяр лам сүсэгтэн олонд хайрлана.
Монголын үндэсний төв номын сан “Үнэт ховор номын музей”-гээ олон нийтэд 10:00-16:00 цагт үнэ төлбөргүй үзүүлнэ.
16:00-16:30 цагт лам хуваргууд Бурхан багшийн магтаал уншиж, Бурхан чухаг дээд гуравт мандал өргөнө.
16:30-16:40 цагт Өндөр гэгээний Монголчуудын эв нэгдэл, мандан бадралын тухайд зохиосон “Цагийг тохинуулах залбирал” номыг нийтээрээ уншина.
17:00-17:30 цагт “Бурхан багшийн товч намтар” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.
18:00-18:30 цагт Бурхан багшийн анхлан айлдсан “Хутагтын дөрвөн үнэн” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.
19:00-19:30 цагт Монгол түмний ялгамжаат шүтээн “Хутагт Алтангэрэл судрын тус эрдэм” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.
13:00-20:00 цагт “Маани Мигзэм” хөгжөөх, Хутагт Алтангэрэл судраас урин унших, дуугүй маани тоолох, сүсэгтэн олноор цэцгэн, усан тахил өргүүлэх зэрэг буян номын үйл ажиллагаа зохион байгуулагдана.