Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилгоор “Монгол хуушуур -2016” фестиваль болно.
Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран өнөөдөр, маргааш хоёр өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс Хамгийн өвөрмөц хуушуур, Хамгийн амттай хуушуур, Хамгийн цэмцгэр асар гэсэн 3 номинацид тус бүр 2 нийт 6 байгууллага, иргэнийг шалгаруулж шагнал гардуулах юм.
Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авна. Фестивалийн хүрээнд урлагийн тоглолт, наадамчдын дунд “Хэн олон хуушуур идэх вэ”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” , “АХА” хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулагдана. “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг идэвхитэй оролцсон нийт 20 наадамчдад гардуулна.
Фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулах аж.