Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дөрвөн настай хүү амиа алдаж, 160 гаруй айл үерт автаж, 105 байшин нуржээ.
Тэгвэл энэ тоо өсч, орон гэргүй болсон айл өрхийн тоо нэмэгдсээр байгаа аж. Тодруулбал айлын хашаа, байшин нурах тохиолдол нэмэгдсээр 110 гарсан бол орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрсэн гэдгийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Баттулга мэдээлсэн байна.
Түүнчлэн бага насны хүүхдүүд болон ахмадууд эмнэлгийн анхан шатны тусламж авч эхэлжээ. Гэхдээ одоогоор хүний амь нас хохирсон тохиолдол нэмэгдээгүй, мал амьтны хохирол гараагүй аж. Одоо Өлгий сумын хэмжээнд халдваргүйжилтын ажил хийгдэж, Засгийн газраас илгээсэн тусламжийн цувааг хүлээж авах ажил үргэлжилж байгаа юм байна.
Тус суманд Улсын Онцгой Комиссоос шинээр 70 гэр, 700 гаруй хүний 10 хоногийн хүнс, нэмэлтээр ариутгалын бодис зэргийг хүргээд байгаа билээ.
Сэтгэгдэл (2)