Xөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 6 дугаар сарын эцэст 45.4 мянга болсны 24.1 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 32.8 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хүн буюу 0.1 хувиар өсч, өмнөх сарынхаас 0.9 мян.хүн буюу 2.8 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.4 мянга буюу 53.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны эхний хагас жилд ажилгүй 64.3 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.4 мян. иргэн ажилд зуучлагдан орж, 50.9 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 5.7 мян.хүн буюу 9.6 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 2.4 мян.хүн буюу 22.0 хувиар өсчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 11.9 мян.хүн буюу 18.9 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.0 хувийг бүрэн дунд, 27.5 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.4 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Дорнод, Увс, Төв, Ховд, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Булган, Дорноговь аймагт улсын дунджаас 2.4-12.5 пунктээр илүү байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон болон хасагдсан иргэд, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар