Замын цагдаагийн газраас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ний хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр, эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцохоор төлөвлөсөн байна.
Сургууль, цэцэрлэг амарч, хүүхэд багачууд эцэг, эхчүүдийн хараа хяналтад шилжсэн энэ үед зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд хохирогч болох нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж.
Ослын шалтгааныг судалж үзэхэд,
1. Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг.
2. Хүүхдийг гудамж зам, гэр сургуулийн ойр орчин, тоглоомын талбайд тоглуулахдаа хараа хяналт тавьдаггүй. Буруу үлгэр дуурайлал үзүүлдэг.
3.Тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг хамгаалалтын суудал болон хамгаалалтын бүс ашигладаггүй зэрэг нь нөлөөлдөг байна.
Өнгөрсөн оны зам тээвэр ослын статистикийг энэ оны мөн үетэй харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 2.5 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 0.9 хувиар өсч, нас баралт 32.1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
2016 оны эхний хагас жилийн байдлаар зам тээвэр ослын улмаас 19 хүүхэд нас барж, 554 хүүхэд бэртэж гэмтсэнээс 113 нь хүндэвтэр, хүнд гэмтэл авсан байна.