Өнгөрөгч долоодугаар сард Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчин гарч, халдварын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон.
Тэгвэл өчигдөр энэ асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын голомтод нутагт байгаа малчдад отор нүүдэл хийхгүй байхыг сануулах, хорио цээрийн дэглэм сайтар тогтоох, мал вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, өвчтэй малыг устгах ажлыг зөв зохион байгуулах, халдварын голомтод байгаа мал, амьтаныг богино хугацаанд вакцинжуулах зэрэг ажлыг стандартын дагуу мөрдүүлж, дүгнэлт гаргахыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.
Одоогоор халдварын голомт хоёр сумын дөрвөн газарт бүртгэгдсэн аж. Халдвар авсан 149 хонийг устгалд оруулсан бөгөөд Цагаандэлгэр сумын хувьд 224 малыг тусгаарлан вакцинжуулаад байгаа бол Баянжаргалан сумын Цэцэг өвчнөөр өвчилсөн 12 хонийг устгаж, 284 хонийг тусгаарлажээ. Өвчний голомттой газруудад эргүүлийн пост ажиллуулж, хөл хорио тогтоогоод байгаа аж. Түүнчлэн Цагаандэлгэр, Баянжаргалан сумуудтай хил залгаа орших Говь-Угтаал, Дэрэн сумын малыг богино хугацаанд вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байна.