Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтүүдээс болж, хачиг олшрон, хүн, малын цусыг сорж, халдвар тараасаар байна.
Өдгөө 19 аймгийн 96 сум, Улаанбаатар хотын найман дүүрэгт хачигт хазуулаад халдвар авсан байж болзошгүй 585 хүн бүртгэгдээд байгаа аж. Энэ нь сүүлийн таван жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлт гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.
Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй өвчин байдгаас манай оронд хамгийн түгээмэл тархацтай нь риккетсиоз аж. Уг өвчин халдварлавал халуурах, толгой хүчтэй өвдөх, биеэр юм туурах, тунгалагийн булчирхай цочих, хачигт хазуулсан хэсэг үрэвсэх шинж тэмдэг илэрдэг байна.