“Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум “Хотын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ болж байна. Форумын хүрээнд өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд үндэсний 48 аж ахуйн нэгж оролцон Эко эрчим хүч, Эко цахилгаан дулаан, Эко тээвэр, Эко үйлдвэрлэл зэрэг сэдвээр бүтээгдэхүүн шийдлээ танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ким Де Ридер хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Урьд жилүүдийн форумаар хотын ногоон хөгжил, өсөлтийн талаар хотууд санал солилцож туршлага хуваалцаж байсан бол энэ жил "Хотын ногоон хөгжил-Эрчим хүчний ногоон шийдлүүд" сэдвээр зохион байгуулах гэж байна. Энэ форум нь бүс нутгийн ногоон хөгжлийн асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх төдийгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтиийн эсрэг дуу хоолойгоо нэтгэж, эх дэлхийгээ аврах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” гэж онцоллоо. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум маргааш 09:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.