БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатжээ.
Автобусанд 40 орчим монгол иргэн явж байсан аж. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Бээжингээс Эрээн рүү явсан автобус өнгөрсөн шөнө шатсан. Нийтдээ 40 орчим зорчигч тээвэрлэж байсан. Тэр дунд монголчууд байсан. Одоогоор зорчигчид гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл ирээгүй байна. Ямар ч байсан Бээжин дэх Монголын ЭСЯ-ны Консулын газар энэ талаар мэдсэн” хэмээлээ.
Харин уг ослын талаар Гадаад хэргийн яам, консулын гараас гаргасан албан мэдээлэлдээ "Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан. Иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна" гэжээ.