"Шинэ мянган" утга зохиолын нэгдлээс санаачлан зохион байгуулж буй Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан Утга зохиолын семинар маргааш Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд эхэлнэ.
Хурлыг “Шинэ Мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар нээж, зохиолч Г.Сүхзориг “Солонгосын утга зохиол Монголд”, Ким Йөн “Монгол, Солонгосын утга зохиолын хамтын ажиллагааны утга учир”, П.Нямлхагва “Монгол яруу найраг дахь эрчим хүч долгионы тухай”, На Хе Гйөн “Солонгос дахь модернизмын эхэн үе” сэдвээр илтгэл тавих аж. Илтгэлийн дараа хэлэлцүүлэг хийж, зохиолчид хоёр орны утга зохиолын талаар санал солилцон, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм байна.
Монгол, Солонгос утга зохиолын семинарыг анх 2012 онд Монголд зохион байгуулснаас хойш энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Анхны семинарыг санаачлан зохион байгуулахад Монголын талаас МУСГЗ, доктор, профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Чойжилжавын Билигсайхан, МУСГЗ, яруу найрагч Ломбын Нямаа, яруу найрагч, доктор Тойсомын Галсан нар, БНСУ-ын талаас Солонгосын утга зохиолын академийн тэргүүн, зохиолч Ким Ханчан нар хүчин зүтгэл гаргаж, хоёр улсын зохиолчдын харилцааны гүүр болж өгсөн юм. Эдгээр эрхэм хүмүүсийн анх тавьсан ажлыг үргэлжлүүлэн 2014 онд Монголд, 2015 онд БНСУ-д утга зохиолын семинарыг зохион байгуулсан.
Утга зохиолын семинарыг ийнхүү хоёр улсад ээлжлэн зохион байгуулахаас гадна хоёр улсын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан гурван цуврал сэтгүүл хэвлэн гаргаад байгаа билээ.
Дашрамд дурдахад Монгол, Солонгосын яруу найрагчдын уншлага Төв аймгийн Баян өнжүүл болоод Дундговь аймгийн Өлзийт суман дахь дэлхийд алдартай Өөш манханд үргэлжлэх юм байна.