ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, шалгаж дууссан гэх мэдээлэл бий. Энэ талаар прокурорын байгууллагаас лавлахад "Г.Шийлэгдамбын мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй" гэлээ.
ЭМС-ын яамны сайд, төрийн нарийн хоёрт АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. Хэрэв тэднийг шүүх энэ зүйл ангиар нь яллавал Г.Шийлэгдамба, Т.Ганчимэг нар хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм.
Юутай ч Г.Шийлэгдамбын хэргийг АТГ-аас прокурорын байгууллагын хяналтад шилжүүллээ. Прокурор хэргийг хоёр сарын хугацаанд хянана. Шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгаж хянах эрхтэй байдаг. Эс бөгөөс хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл шүүхэд шилжүүлэх юм. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сарын үед прокурорт шилжүүлсэн уг хэргийн явц удаашралтай байсаар өнөөдөртэй золгожээ.