Өнгөрсөн өвөл өвөлжилт, хаваржилт багагүй хүндэрч 18 аймгийн 98 сум зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байсан. Ирэх өвөлд бэлтгэхийн тулд улсын хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр нутагтай аймгуудад отор, нүүдлийг зохицуулах орон тооны бус зөвлөлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор хуралдуулах, шийдвэр гаргах аж. Мөн аймаг дотроо болон өөр аймаг, сумын нутагт өвөлжүүлэх малын тоо, байрлах чиглэлийг тогтоож, өвс тэжээлийн нөөцийг тухайн газар бүс нутагт бий болгох юм байна. Мөн Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудад аравдугаар сарын 25-ны дотор мал сүрэгт намрын ангилалт, хээлтүүлэгч шинээр нөхөн тавих, угаалга, туулгалт, вакцинжуулалтын ажлыг технологийн дагуу хугацаанд нь чанартай хийх зэргийг салбарын сайд үүрэг болгожээ. Үүнээс гадна малчдад отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа тарга хүч авахуулахаас эхлээд өвлийн дулаан хувцас, тэжээл, өвөлжөө, хаваржааны засвар үйлчилгээг хийх зэргийг анхааруулжээ. Мөн мал сүргийнхээ дундаас доош тарга хүчтэй болон бэлчээрийн даацаас хэтэрсэн тооны малыг нэмэгдэл тэжээлд оруулах, зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хүргүүлсэн байна.