“Чандмань эрдэнийн өргөл” буюу усан тахил өргөх ёслол нь бурхан шүтээнд тэдгээрийн эрдэм, дүр төрхийг сэтгэлдээ ургуулан сүжиглэж тахил өргөвөл хилэнц түйтгэр арилж, сэтгэлд номын эрдэм төрөх барцад арилдаг.
Ялангуяа усан тахил нь өргөхөд хялбар, харам, омог зэрэг муу сэтгэлийн гэмгүй тул урьд болоод эдүгээд дээдэс мэргэдүүд эрхэмлэн өргөж иржээ.
Тус олон нийтийн арга хэмжээ өнөөдөр болох бөгөөд үйл ажиллагааг Богд хааны ордон музей, Усны үндэсний хороо, Туул голын сав газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.
Наран ургах цагаар эхлэх тус ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь Улаанбаатарчууд бидний ундны усны эх ундрага болсон Хатан туул голын тунгалаг урсгалаас Зайсангийн гүүрийн баруун доод хэсгээс дээжлэн авч, эгнэж зогссон 1600-1800 хүмүүс гараас гарт хүндэтгэлтэйгээр дамжуулсаар Богд хааны ордон музейд тахил өргөх усыг хүргэх ажээ.
Дээрхи үйл ажиллагааны зорилго нь усны зөв зохистой хэрэглээг эрхэмлэж амьдрахыг уриалах явдал юм.