Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд аяллаар явсан дөрвөн залуу төөрч сураггүй болсон байна.
Энэ талаар есдүгээр сарын 17-ны өдрийн 21:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт дуудлага ирж, тус газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, Зайсангийн амнаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Энэ үеэр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 08:50 цагт иргэн Д (19 настай, эрэгтэй) Ц (16 настай, эрэгтэй) С (20 настай, эмэгтэй) Х (18 настай, эмэгтэй) нар уулнаас өөрсдөө бууж ирсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд ууланд иргэн Б (56 настай, эрэгтэй) төөрсөн гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 21:40 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, энэ сарын 19-ний 02:30 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.