Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулах ёслол боллоо.
Энхийг сахиулагчдыг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 5 дугаар батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагнасугай” гэжээ.
Энхийг сахиулагч дайчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хурандаа Б.Баатар, хурандаа Ж.Мөнхтөр нарыг, Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Г.Тунгаамаа, дэд хурандаа Ж.Сүх-Очир, Н.Баасан, хошууч Р.Баянмөнх, дэд хурандаа Э.Мөнх-Оргил, С.Батбуян нарыг, Цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Г.Сарандаваа, О.Уламбаяр, Г.Мөнхбат, Б.Пүрэвсүрэн, Д.Нэргүй, Б.Жаргалсайхан, С.Чинбат нарын зэрэг хүмүүсийг шагналаа. Бусад дайчдыг энхийн төлөө медалиар шагнасан юм.
president.mn