Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд 1024 бөх зодоглосоноос улсын начин болон харцага цол авсан дөрвөн бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл гарсан.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ дагуу бөхчүүдээс шинжилгээ авч БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторт шинжлүүлэхэд А сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэж байгаа. Шинжилгээний хариуг дахин нягтлуулахаар явуулсан байна.
Тэгвэл хуулийн дагуу дээрх дөрвөн бөхийн нэрийг удахгүй зарлах юм байна. Монголын олимпийн хорооноос сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарладаг. Үндэсний бөхийн журмын дагуу сэргээш хэрэглэсэн бөхийн цол, чимэгийг хурааж барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг юм.