Ховд аймагт гарсан олон улсын хорио цээрийн ангилалд багтах мялзан төст өвчний голомт дахин нэмэгдээгүй намжмал байдалтай байна. Нийт 11 сумын 45 багийн 926 өрхийн 73163 мал өвчилснөөс 11808 мал хорогдож, 57710 мал эдгэрсэн дүн мэдээтэй байна.
Мөн 36 бог малыг устгалд оруулсан бөгөөд өчигдрийн байдлаар 3609 мал өвчтэй хэвээр байгаа аж. Өвчлөлтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, байнгын 41 пост, 12 хөдөлгөөнт эргүүлийг 24 цагийн туршид ажиллуулж байгаа юм. Түүнчлэн аравдугаар сарын 10-ны дотор 3 сая 200 мянган толгой бог малыг вакцинжуулах бөгөөд засгийн газраас 775 сая, 751 мянган төгрөгийг зарцуулна гэсэн урьдчилсан мэдээтэй байна.