Япон дахь Монгол оюутнуудын холбоо, Монгол Сумочдын холбоо хамтран тэтгэлэг зарлалаа. Уг тэтгэлэг нь Монголын их, дээд сургуульд сурч буй залуусыг дэмжих зорилготой юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нэг оюутныг шалгаруулж, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг өгөх юм.
Хөтөлбөрт хамрах хүсэлтэй оюутан дотоодын их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн үндсэн ангид суралцдаг, сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх, бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамраагүй, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцдог зэрэг шаардлага хангасан байх аж. Мөн дэлгэрэнгүй намтар, суралцсан нийт хугацааны баталгаажсан дүнгийн хуулбар, өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт, нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал, 500-гаас дээш үгтэй “Миний мөрөөдөл” сэдэвт эссе, хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өргөдөл зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай.
Материалыг 10 дугаар сарын 14-ны дотор sugar.zorigt@yamoh.org цахим хаяг руу илгээх юм. Бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулж шалгарсан оюутнуудтай интернетээр ганцаарчилсан ярилцлага хийсний дүнд эцсийн шалгаруулалтыг хийх юм байна.