Булган аймгийн Хангал сумын “Бүрэнгийн нуруу” гэдэг газар иргэн Б энэ сарын 4-ний өдөр самранд явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, төөрсөн иргэнийг өчигдөр Сөрт багийн “Сөрт” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Мөн тус аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Хантайн баруун бэлсэг” гэдэг газар иргэн Б жимс түүж явж байгаад модон дунд төөрч сураггүй болсон тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж “Хантайн баруун бэлсэг” гэдэг газраас иргэнийг эсэн мэнд олсон байна.
Сүүлийн үед иргэд самар, жимс түүх, найз нөхөд, анги, хамт олноороо ууланд алхаж явах үедээ газар орны баримжаа алдсаны улмаас төөрөх тохиолдлууд гарсаар байна. Иймд, иргэд уул, модонд батлагдсан зам, маршрутаар бүлэг, багийн зохион байгуулалтад орж явах, зам, маршрутаас хазайж гарахгүй байх, холбоо, мэдээлэл, зүг чиг баримжаалах хэрэгсэлтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.