"Сандэй плаза"-д гарсан галын шүүх хурал өчигдөр болж, шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаа тул нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.
Хэргийн талаар эргэн сануулахад "Сандэй плаза" ХХК галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас тус худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж, 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан билээ.
Тус хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхбаяр нарын гурван хүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургадугаар сард хүлээн авсан. Дээрх хэргийг долдугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг зарласан боловч улсын яллагчийн хүсэлт, өмгөөлөгчдийн хүсэлтүүдээр нийт гурван удаа шүүх хурал хойшилсон юм.