НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага манай улсад нээгдлээ. Тодруулбал, Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхий захирал Ж.Г.Де Сильвад өчигдөр гардуулан өгчээ.
Ноён Де Сильва шинээр томилогдсон Байнгын Төлөөлөгчид баяр хүргэхийн ялдамд ХХАБ-ын Төлөөлөгчийн газар Бээжин дэх салбарт харьяалагдаж байсныг одооноос халж, тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрыг бүрэн хэмжээнд нь нээн ажиллуулах шийдвэр гаргаж байгааг тэрбээр мэдээлэв.
ХХААБ-ын Төлөөлөгчийн газар ийнхүү нээгдэж байгаа нь цаашид Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээ, далайц нэмэгдэж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэх юм. Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээн ажиллуулах болсон тухай мэдээ дуулгасанд талархаж байгаагаа Элчин сайд илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн. Уулзалтын үеэр ХХААБ-ын шугмаар олон арван төсөл амжилттай хэрэгжиж, ноён Де Сильваг Ерөнхий захирал болсноос хойш Монгол Улс, ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжиж, тус байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн Хуралдааныг Монгол Улс хүлээн авч зохион байгуулсныг Элчин сайд Ц.Жамбалдорж онцлон дурдсан юм.
Б.Цэцэг